Тэрбумтан Илон Маск Украины зэвсэгт хүчний ашиглаж байгаа “Старлинк” сүлжээний интернэт хурдыг бүрэн сэргээсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Гэвч тэрээр Илон Масктай энэ асуудлаар ярилцсан эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Энэ сарын 14-өөс Украины зэвсэгт хүчний ашигладаг Старлинк системийн хурд саарснаар ОХУ-ын газар нутгийн гүнд өгөх дроны цохилт нь завсардсан юм. Илон Маск уг шийдвэрийг гаргахаасаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон цагаан ордны өндөр албан тушаалтнуудтай зөвлөлдсөн байдаг. Гэвч Трампын засаг захиргаа, тэр дундаа төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үүнд Засгийн газар огт оролцоогүй, Илон Маск өөрөө бие даан шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн бол, маск эргээд уг хязгаарлалтыг цагаан ордон болон АНУ-ын армийн шийдвэр байсан хэмээн харилцан бие бие рүүгээ буруутгаж байсан юм.
Харин энэ сарын 22-нд Трамп Илон Маск руу залгаж, Украины старлинк ашиглах хязгаарлалтыг цуцлахыг хүссэн гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ. Доналд Трамп "Би залгасан эсвэл өөр хэн нэгэн залгасан эсэх нь ямар ч ялгаагүй гэж би бодож байна. Гол нь тэр Украины армийн ашиглаж буй интернэтийн хурдны хязгаарлалтыг цуцалсан” хэмээн хэллээ. Тэгвэл Украины Засгийн газраас ч Старлинк системийн хурд эргэн сэргэснийг баталгаажуулжээ.
Доналд Трамп ОХУ-ын дизель түлшийг худалдан авах гэрээ байгуулж, шинэ хориг тавихаас татгалзсан нь АНУ болон Украины харилцааг хурцатгасан юм. Тэрээр Украиныг ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү өгч дроны цохилтоо зогсоохыг шаардаж, Украинчуудыг Зеленскийг орлох хүн олохыг уриалсан юм.