Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо жил орчим цөллөгт байсны эцэст эх орондоо ирлээ 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мариа Корина Мачадо жил орчим хугацаанд хилийн чанадад цөллөгт байсны эцэст өнгөрөгч ням гарагт эх орондоо хүрэлцэн очжээ. Тэрбээр Венесуэлийн ардчилсан эрхийг хамгаалсныхаа төлөө хүртсэн Нобелийн энх тайвны шагналаа авахаар 2025 оны сүүлээр Норвег улс руу нууцаар зорчсоноос хойш эх орондоо эргэн ирж чадахгүй байсан юм. 

Өмнө нь Мачадо хэд хэдэн удаа Венесэулийн хил нэвтрэхийг оролдсон ч албаныхан татгалзаж байсан юм. Мачадо эх орондоо ирсэн даруйдаа  "Би энд байна. Тантай хамт" хэмээн цахим хуудастаа бичиж, эргэн ирснээ зарласан юм. Түүнийг Баркисимето хотын нэгэн сүмд ирэхэд олон мянган дэмжигчид нь нулимс дуслуулан, уухайлан угтсан бөгөөд нийслэл Каракас хот руу автомашинаар явах замд нь замын хөдөлгөөн бүрэн саатаж, иргэд үндэсний далбаагаа барин баяр хүргэж байсныг хэвлэлээр шууд дамжуулжээ. 

Мачадог хилийн чанадад байх хугацаанд буюу энэ оны 1-р сард АНУ-ын цэргийн хүч Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, шоронд хорьсон юм. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Мадурогийн дэд ерөнхийлөгч байсан Делси Родригесийг "Түр ерөнхийлөгч"-өөр томилохыг дэмжсэн бөгөөд Родригес нь АНУ-д маш ашигтай нөхцөлөөр газрын тосны гэрээ үзэглэсэн нь нууц биш юм. 

Тэгвэл Нобелийн шагналтан Мачадо түр засгийн газрын тэргүүн Делси Родригесийг "Хэлмэгдүүлэлт, эрүүдэн шүүлтийн гол архитектор" хэмээн зад шүүмжилж, хууль ёсны дагуу олон улсын хяналт дор ерөнхийлөгчийн чөлөөт сонгуулийг нэн даруй зарлахыг шаардаж эхэллээ. Харин цагаан ордны тэргүүн Доналд Трамп сөрөг хүчний удирдагч Мачадог "Венесуэл дотроо удирдан чиглүүлэх хангалттай дэмжлэг, хүндэтгэл байхгүй" хэмээн шүүмжилж, Делси Родригесийг АНУ-ын хөрөнгө оруулагчдад газрын тос, ашигт малтмалын ордуудыг нээж өгсөн "Гайхалтай түнш" хэмээн ил тод магтах болсон юм. Трамп "Венесуэлд сонгууль зарлах болоогүй, бид тэнд маш ашигтай ажиллаж байна" гэсэн прагматик байр суурь баримталж байна гэж шинжээчид үзэж байна.