Лула Да Силва Бразил улсыг 4 дэх удаагаа удирдахаар боллоо

Бразил улсын зүүн жигүүрийн улс төрч, ажилчин ангийн төлөөлөл Лула Да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялж, тус улсыг 4 дэх удаагаа удирдахаар боллоо. Тэрбээр хэт барууны үзэлт, сенатор Флавио Болсонарутай ширүүн өрсөлдсөний эцэст Латин Америк дахь зүүн жигүүрийн хүчний байр суурийг ийнхүү хамгаалж үлдлээ. 

Өдгөө 80 настай Луис Инасиу Лула Да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шатанд гайхалтайгаар эргэн ирж, түүхэн ялалт байгууллаа. Тэрээр Бразилын түүхэнд дөрвөн удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны төрийн тэргүүн болж, үл эвдэгдэх амжилтын эзэн боллоо гэж мэдээлж байна. 

Тэгвэл сонгуулийн сунгаа туйлын өрсөлдөөнтэй, эрс тэс уур амьсгал дунд өрнөсөн байна. Эхний шатны санал хураалтаар баруун жигүүрийн Консерватив хүчний төлөөлөл, экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү, сенатор Флавио Болсонару тэргүүлж байсан ч 2-р шатанд Лула Да Силва саналын тоогоор гүйцэж түрүүлж чаджээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнгээр Лула Да Силва сонгогчдын 51.7 хувийн саналыг авч, ялалтаа баталгаажуулжээ.

Хэдийгээр ажилчин ангийн дуу хоолой болсон Лула Да Силва ерөнхийлөгчөөр сонгогдож, зүүн жигүүрийнхний байр суурийг бататгасан ч ирэх жилүүдэд түүний засаглал олон сорилттой нүүр тулах төлөвтэй байна. Учир нь Бразилын конгрессын танхимд баруун жигүүрийн консерватив намууд олонхын суудлыг авсан тул шинэ ерөнхийлөгч хууль тогтоох түвшинд маш том эсэргүүцэл, сорилтуудыг даван туулах шаардлагатай бөгөөд  улс орноо удирдахын тулд уян хатан зөвшилцөлд хүрэх шаардлагатай болж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, дөрөв дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон Лула Да Силва талуудтай зөвшилцөж, дундаж хувилбарыг олохын төлөө ажиллахаа мэдэгдлээ. Мөн уг түүхэн ялалт нь Бразил улсын ардчиллыг хамгаалж үлдсэнийг онцолж, сонгогчдын олонхыг хууль ёсны эрхээ эдэлж, саналаа өгөх нь ардчилалд хэдий чинээ чухал болохыг кампанит ажлынхаа хугацаанд ойлгуулж чадсан хэмээн цааш хэлжээ. Үүнээс гадна тэрээр цахим платформ, сошиал медиад зохицуулалт хийх шаардлагатайг сануулж, Бразил улс цахим орчноор дамжсан гадаад улсын аливаа хөндлөнгийн оролцоог таслан зогсоож чадсаныг дурдаад “Бразил улс хэний ч арын хашаа биш” хэмээн хатуу мэдэгджээ.