Өнөөдрийн байдлаар Нөмрөгийн дархан цаазат газрын нийт шатсан талбайн 30 орчим хувьд нь байгаль орчны хохирол тогтоох үнэлгээ хийгээд байна

Өнгөрөгч 10-р сарын 6-8-нд Япон улсын KDDI корпорацийн охин компани болох Мобиком корпораци Дорнод аймгийн Халхгол сумын "Сүмбэр" хилийн боомт дээр болсон харилцаа холбооны сүлжээний нээлтийн арга хэмжээнд оролцож, Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт 4G сүлжээний чанарыг шалгахаар явж байхдаа гал алдан түймэр гарчээ. 

Урьдчилсан тооцоогоор тус түймэр нь нийт 528 мянга орчим га талбайг хамарсан Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянга орчим га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувийг эзэлжээ. Гэвч галыг бүрэн унтрааснаас хойш 10 хоногийн дараа буюу 10-р сарын 26-ны байдлаар нийт шатсан талбайн 30 орчим хувьд нь л байгаль орчны хохирол тогтоох үнэлгээг хийсэн бөгөөд үлдсэн 70 гаруй хувьд нь бартаа ихтэй учраас мэргэжилтнүүд хүрч чадахгүй байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. 

Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ болоод холбогдох этгээдийн хариуцлагыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Японы KDDI компани 10-р сарын 23-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга манай улсын ард түмнээс уучлалт хүслээ. Мөн байгаль орчинд учирсан нөлөөллийг ноцтой авч үзэж байгаагаа илэрхийлээд, хохирлыг тогтоох, байгалийн орчныг сэргээх ажилд “Мобиком” болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.

Минору Кихара                    Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 
"Монгол улсад гарсан гал түймэртэй холбоотой Японы засгийн газар ч мөн учирсан хохирлын хэмжээг нухацтай авч үзэж байна. Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Японы засгийн газрын зүгээс энэ удаагийн хээрийн түймрийн асуудлаар монголын засгийн газартай нягт харилцаж, хохирол амссан бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахуйц хамтын ажиллагаа үзүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Одоогоор түймэр гарсан голомтод ажиллаж байгаа манай улсын онцгой байдлын алба хаагчид болоод шинжээчид галд шатаж үхсэн ан амьтантай таараагүй ч шатсан нийт газар нутгийн хүрч чадаагүй хэсгүүдийн нөхцөл байдал тодорхойгүй байна.