11-р сарын 1-ээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүдийг хамруулна

2017 оноос хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт энэ 11-р сарын 1-ээс эхлэх гэж байна. 4-р сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг энэхүү шөнийн тарифт энэ жил улсын хэмжээнд 260 мянга гаруй айл өрх хамрагдахаар байгаа бөгөөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, мөн 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хамрагдана. Түүнчлэн өмнө нь хөнгөлөлт тооцохдоо цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоодог байсан бөгөөд 220В-ын сүлжээнд холбогдсон айл өрх 1,500 квт.ц, 380В-ын сүлжээнд холбогдсон айл өрх 3,000 квт.ц хүртэлх хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт эдэлж, тогтоосон хэмжээнээс давсан хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Харин энэ жилээс 220В болон 380В-ын сүлжээнд холбогдсон айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээний хөнгөлөлтийн нөхцөлийг ижил болгож, 1,500 квт.ц хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт жил бүрийн 11-р сарын 1-ээс дараа оны 4-р сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг. Уг хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн айл өрхүүд тодорхой шаардлагыг хангасан байх ёстой байна. Тухайлбал, цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх, цахилгаан эрчим хүчийг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч буй гэр, сууцаа халаах зориулалтаар ашигладаг байх. Мөн цагийн ялгаварт тарифт тоолууртай байх нь хөнгөлөлтөд хамрагдах үндэслэл болох байна.

Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын  заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300квт.ц, 300квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг байна. Хэрэглэгчид цахилгааны төлбөрийн үлдэгдэл, дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт өөрийн кодоо бичиж мессежээр авах боломжтой.