Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг 2024 оноос эхлэн дархлаажуулалтын үндэсний товлолд албан ёсоор оруулаад байна

Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын үзүүлэлт буурахгүй байна. Улсын хэмжээнд 2024 онд энэ өвчлөлийн 521 шинэ тохиолдол бүртгэгдэж, мөн 167 эмэгтэй энэ өвчний улмаас нас баржээ. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний папиллома вирусын  эсрэг вакциныг 2024 оноос эхлэн дархлаажуулалтын үндэсний товлолд албан ёсоор оруулаад байгаа юм.

Хүний папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог вирус юм. Тухайн вирус нь  халдварын зарим хэв шинж нь олон жилийн турш хүний биед хадгалагдсанаар хавдрын урьдал өөрчлөлт, цаашлаад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байна. Харин вакцин нь хүний папиллома вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, улмаар умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Манай улсын хувьд өнөөгийн байдлаар үндэсний товлолын дагуу 11-ээс дээш насны охид, хөвгүүдийг нэг тунгаар үнэ төлбөргүй дархлаажуулж байна.  

Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн вакцин хийх боломж бүрдүүлэхээс гадна эцэг эхчүүдийн эргэлзээг тайлж, үнэн зөв мэдээллээр хангах шаардлагатай. Учир нь эцэг эх, асран хамгаалагчдийн хувьд хүний папиллома вирусийн тухай тэр бүр мэддэггүй бөгөөд мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан зөвхөн охидуудыг хамруулах нь зүйтэй гэж үзэж байна. 

ДЭМБ-ын үнэлгээгээр сургууль, багш, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллага болон эцэг эхийн хамтын ажиллагаа сайн байсан газруудад вакцинжуулалтын үр дүн илүү байжээ. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг илрүүлж, нөхөн дархлаажуулалтад хамруулах, эцэг эхчүүдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэх, ташаа мэдээлэлд шуурхай хариу өгөх нь хамрагдалтыг нэмэгдүүлэх гол арга зам юм.