Энэ сарын 27-ны УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гэвч Оюутолгой төслөөс ирэх онд төвлөрүүлэхээр тооцсон 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгахтай холбоотой дээрх хуулийн төсөлд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай ч төсвийн хуулийг ойр ойрхон өөрчилж, орлогын тооцооллыг шинэчлэх нь төсвийн сахилга батад сөргөөр нөлөөлнө гэдгийг хэлж байна.
Анх Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ ирэх оны төсөвт Оюутолгой төслөөс төрийн эзэмшилд ногдох 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд үүнийг эрчим хүч, дэд бүтцийн санхүүгийн хүндрэл болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч иргэдээс санал авсны үндсэн дээр 10-р сарын 23-нд нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө татан авсан юм. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийн холбогдох заалт, дагаж мөрдөх хугацааг өөрчлөх саналыг ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.
Гэвч хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүд хууль санаачлагчид бодит тооцоолол, оновчтой шийдэлд тулгуурласан төсөл боловсруулах ёстойг анхаарууллаа. Учир нь ирэх онд Оюутолгой төслөөс яг 3 их наяд төгрөгийн орлого орж ирэх нь баталгаатай бус байгаа бөгөөд зөвхөн аман хэлэлцээр дээр тулгуурлан ирэх оны төсөвт тусгах нь өрөөсгөл байна гэдгийг хэлж байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй зөрчилдөхүйц хуулийн төсөл өргөн мэдүүлсэн шалтгааныг тодруулжээ. Харин төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв хэлэлцэх бүрд өөрчлөх нь зохимжгүй гэж үзсэн байна. Мөн улсын төсөв нэмэгдэхэд алт, зэсийн үнийн өсөлт нөлөөлсөн ч орлогын боломждоо нийцүүлэн зарлагаа төлөвлөх нь чухал байгааг УИХ-ын зарим гишүүд онцоллоо.
Иймд УИХ-ын зарим гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг олонх дэмжсэнээр байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.