Монгол улсад хорт хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Гэтэл хорт хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гол төрөлжсөн байгууллага болох ХСҮТ-д туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппарат ердөө 3 ширхэг байна. Энэхүү гурван төхөөрөмж дээр өдөр бүр 100-110 хүн эмчилгээ хийлгэхээр дугаарладаг бөгөөд төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах нэн шаардлагатай байна.
Манай улсад нийт 33 мянга гаруй хүн хорт хавдартай гэж оношлогджээ. Эдгээрээс 30 орчим хувь нь туяа эмчилгээний аппаратад ордог байна. Ингэхдээ өглөөний 7 цагаас оройн 21 цаг хүртэл 2 ээлжээр ээлжэн аппаратандаа ордог байна. Гэвч өглөөний 7 цагаас оройн 21 цаг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа аппаратуудад гэмтэл доголдол үүсэж иргэд 30 минутаас цаг 30 минут орчим хүлээх шаардлага тулгардаг нь хүндрэлтэй байгааг хэлж байна. Туяа эмчилгээ нь хорт хавдрын эсийг устгах, хавдрын өсөлтийг сааруулах зорилготой эмчилгээний чухал аргуудын нэг юм. Эмчилгээний төрөл, өвчтөний биеийн байдал, хавдрын үе шатаас хамааран тодорхой хугацаанд олон удаа эмчилгээнд хамрагдах шаардлага гардаг. Иймээс туяа эмчилгээний аппаратын тоо, хүчин чадал нь өвчтөнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэхэд чухал нөлөөтэй. Гэвч улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үйлчилгээний ачаалал төвлөрч буй энэ нөхцөлд аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж байна.
Туяа эмчилгээний шугаман хурдасгуур төхөөрөмж стандарт нь 1.5-2.5 сая ам.доллар, өндөр үзүүлэлттэй төхөөрөмж нь 3.5 сая ам-долларын хооронд хэлбэлзэж байна. Үүнээс гадна тухайн төхөөрөмжийг байршуулах өрөө, барилга байгууламж хангалтгүй байгаа нь уг төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлж чаддаггүйтэй холбоотой гэж салбарынхан хэллээ.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй хүн бүрт хүлээлгийн орчин, сууж амрах боломж чухал. Харин хорт хавдар гэх хүнд өвчинтэй тэмцэж буй иргэдийн хувьд энэ нь энгийн тав тухын асуудлаас илүү байх хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна. Тухайлбал туяа эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд өглөөний 09:00 цагт эмнэлэгт ирдэг ч оройн 16:00 цаг хүртэл олон цагаар хүлээж байж эмчилгээндээ орж байгаагаа хэлсэн юм. Иргэдийн хувьд эмчилгээний явцад бие сульдах, ядрах зэрэг зовиур илэрч болох тул эмнэлгийн орчинд удаан хугацаагаар зогсож хүлээх нь бие махбодод нь нэмэлт ачаалал болдог. Тиймээс эмчилгээний тоног төхөөрөмжийн хүрэлцээнээс гадна өвчтөнүүдийн хүлээлгийн орчин, сууж амрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.
Монгол улс хорт хавдраараа дэхийд тэргүүлж буй энэ цаг үед туяа эмчилгээний аппаратны тоог нэмэгдүүлэх түүнийг багтаахуйц барилга байгууламж шаардлагатай байна. Үүний зэрэгцээ эмчилгээ хийлгэж буй иргэдийн хүлээлгийн орчин, сууж амрах нөхцөлийг сайжруулах нь чухал юм. Хорт хавдартай тэмцэж буй иргэн бүр шаардлагатай эмчилгээгээ цаг алдалгүй авах боломжтой байх нь өвчтөнүүдийн амьдралын чанарт шууд нөлөөлнө гэдгийг тэдний төлөөлөл хэлж байсан юм.