БНСУ-ын урсгал тэнцлийн ашиг Герман, Япон улсуудын нийлбэрийг давж, дэлхийд 2-р байрт эрэмбэлэгдэв

Хиймэл оюуны технологийн огцом тэсрэлтээс үүдэлтэйгээр дэлхий даяар хагас дамжуулагчийн эрэлт хэрэгцээ урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын экспортын салбар хурдацтай тэлж, энэ оны 2-р улирлын урсгал тэнцлийн ашиг нь 116.63 тэрбум ам.долларт хүрч, Герман, Япон улсуудын нийлбэр дүнгээс илүү гарсан байна. 

ОУВС дэлхийн томоохон 36 эдийн засагтай улсын статистик мэдээллийг харьцуулан хөтөлж эхэлсэн 1996 оноос хойш Өмнөд Солонгос улс аж үйлдвэрлэлээр тэргүүлэгч Герман, Японыг анх удаа урсгал тэнцлийн ашгаараа зэрэг гүйцэж түрүүлсэн анхны тохиолдол боллоо.

Энэхүү үзүүлэлтийг дэлхийн бусад орнуудтай харьцуулбал Өмнөд Солонгос улс урсгал дансны ашгаараа БНХАУ-ын  дараа дэлхийд 2-р байрт бичигдсэн байна. Харин 3-р байрт орсон Герман улс 52.28 тэрбум ам.доллар, 4-р байрт орсон Япон улс 50.62 тэрбум ам.долларын урсгал тэнцлийн ашигтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл Герман болон Япон улсуудын 2-р улирлын нийт ашиг 102.9 тэрбум ам.доллар болж, Өмнөд Солонгос улс дангаараа тэдний нийлбэр дүнгээс даруй 13.73 тэрбум ам.доллароор илүү ашигтай ажиллажээ.  БНСУ-ын урсгал тэнцлийн ашиг өмнөх оны мөн үед 28.39 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад жилийн дотор 310 гаруй хувиар буюу 4 дахин огцом өсжээ.

Уг үсрэнгүй өсөлтийн цорын ганц гол хөдөлгүүр нь чипний экспорт байжээ.  Хиймэл оюун ухааны санах ойн чипний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг дагаад Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт 2-р улиралд өмнөх оныхоос 181.6 хувиар үсрэлт хийж, 113.89 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг эрч хүчтэй өсөлт нь дараагийн улиралд ч хадгалагдаж, 3-р улирлын чипний экспорт нь 148.02 тэрбум ам.долларт хүрч дахин шинэ дээд амжилт тогтоожээ. ОУВС-ийн таамаглаж буйгаар тус улсын бүтэн жилийн урсгал тэнцлийн ашиг 421.95 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн дахинд БНХАУ-ын дараа 2-рт баттай бичигдэх төлөвтэй байна.