В.Зеленський: АНУ-аас

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський “Агаарын довтолгооноос хамгаалах 'Патриот' болон 'Nasams’  системд зориулсан пуужингуудыг хүлээн авахын тулд АНУ-ын батлан хамгаалахын сайдын зөвшөөрөл хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.  Тэрээр уг зөвшөөрлийг бараг сар орчим хугацаанд хүлээж байгаа бөгөөд Пентагон шилжүүлэгт хориг тавьж байна гэж шүүмжиллээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдэл нь зөвхөн техникийн саатал биш, тус улсын үндэсний аюулгүй байдалд тулгарсан хамгийн эгзэгтэй сорилт болоод байна. Тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ Пентагоны зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээг хурцаар шүүмжиллээ. Өдгөө Европын холбоотон орнууд АНУ-аас нэмэлт санхүүжилт шаардалгүй, өөрсдийн нөөцөд бэлэн байгаа зэвсгийг Украин руу шилжүүлэхийн тулд АНУ-ын батлан хамгаалахын сайдын зөвшөөрөл хэрэгтэй байгаа юм. Харин Пентагоны тэргүүн Пит Хегсет баримт баримт бичигт "Гарын үсэг" зуралгүй нэг сарын хугацаанд, шилжүүлгийг гацаанд оруулаад байгаа аж. 

Патриот болон Насамс пуужингуудыг Европын холбоотон орнууд аль хэдийн худалдаж аваад, өөрсдийн нөөцөөс Украинд өгөхөд бэлэн байгаа ч эдгээр зэвсэг нь АНУ-д үйлдвэрлэгдсэн тул олон улсын гэрээний дагуу гуравдагч улс руу шилжүүлэхийн тулд заавал Пентагоны зөвшөөрөл шаардлагатай байгаа юм. Даваа гарагт Зеленський Оросын тал эрчим хүчний систем рүү нь баллистик пуужингаар довтлохыг мэдэж байгаа төдийгүй тэднээс хамгаалах 'Патриот' систем ч европын орнуудад бэлэн байгааг онцолсон байна. Гэвч өдгөө пуужингийн нөөц шавхагдсан тул Украин улс гэрэл цахилгаангүй болох эрсдэл нүүрлээд байгааг тэрээр анхаарууллаа. Үргэлжлүүлэн тэрээр 'Бид АНУ-ын зөвшөөрлийг хүлээсээр байгаад, эрчим хүчний систем маань бүрэн зогсохын даваан дээр ирэхэд л нэг юм тусламж нь ирдэг' хэмээн Вашингтоны удаашралтай үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн байна. ОХУ-ын арми зөвхөн ганцхан шөнийн дотор Украины хотууд руу 30 гаруй баллистик пуужин харваж байхад, АНУ-ын талаас сүүлийн 3 сарын хугацаанд ердөө 24 ширхэг пуужин илгээх зөвшөөрөл өгснийг Украины засгийн газраас мэдэгдлээ.  Гэтэл өвлийн улиралд агаарын орон зайгаа бүрэн хамгаалахын тулд Украинд сар бүр дунджаар 350 орчим "Патриот" пуужин шаардлагатай байгаа юм.