Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг 11-р сарын 1-ээс нэмэгдүүлнэ

Засгийн газрын 10-р сарын 28-ны хуралдаанаар төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр цалингийн нэмэгдлийг 11-р сарын 1-ээс хэрэгжүүлэх бөгөөд үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулжээ.

Ирэх 11-р сарын 1-ээс хэрэгжих цалингийн нэмэгдэлд соёл, урлаг, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүйн салбарын ажилтнууд болон жолооч, цахилгаанчин, манаач зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчид хамрагдах юм байна. Мөн эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлснээр 2025 оны түвшинтэй харьцуулахад эдгээр салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувиар өсөх юм.

Тодруулбал төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин албан тушаалын зэрэглэлээс хамаарч сарын 477 мянгаас 903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Жишээлбэл жолооч, цахилгаанчин зэрэг албан хаагчдын үндсэн цалин 1 сая 52 мянган төгрөгөөс 1 сая 578 мянган төгрөг болж, 526 мянган төгрөгөөр өсөх бол соёл, урлаг, спортын салбарын удирдах албан тушаалтнуудын үндсэн цалин 1 сая 805 мянган төгрөгөөс 2 сая 708 мянган төгрөг болж, 903 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Харин орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалин орон нутгийн нэмэгдлээс хамааран өснө. Тухайлбал аймагт ажиллаж буй албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувь, суманд ажиллаж буй албан хаагчдад 40 хувийн орон нутгийн нэмэгдэл тооцохоор байна.

Түүнчлэн зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчдаар зогсохгүй ирэх сарын 1-ээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоож, мөрдөхөөр болоод байна. Засгийн газраас баталсан тус шийдвэрээр нийгмийн халамжийн тэтгэврийг сарын 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний асаргааны тэтгэмжийг 524 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ. 

Тодруулбал хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насны хүүхэд болон хуульд заасан бусад нөхцөл хангасан иргэд сарын 600 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авах юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг нь дэмжих зорилгоор сарын 600 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоно. Харин асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа хүмүүст олгох асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөг болгосон бол байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний тэтгэмжийг 524 мянган төгрөгөөр тогтоожээ.

ЗГ-аас төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулжээ. Ингэснээр цалингийн нэмэгдлийг улсын төсөвт суулгасан шинэчилсэн цалингийн хэмжээг 11-р сарын 1-ээс мөрдөж эхлэх юм.