Шатахуун түгээх станцуудын ээлж солих үеэр автомашины дараалал нэмэгдэж, замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв зам дагуух 13 ШТС-ын ээлж солих цагийг 11:00 цаг болгон өөрчлөхийг салбар яамнаас аж ахуй нэгжүүдэд үүрэг болгожээ. Мөн аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт болон түүнтэй холбоотой зарим зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Бензин, шатахууны хомсдол үүсэж, шатахуун түгээх станцуудад бензин авахаар дараалал үүсэж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх нөхцөл болж байна. Мөн ШТС-уудын ээлж солих үеэр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор улаанбаатар хотын төв зам дагуух 13 шатахуун түгээх станцын ээлж солих цагийг 11:00 цаг болгон өөрчлөхийг үүрэг болгожээ. Түүнчлэн аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 автобензин захиалснаас 36 мянган тонн нь нийлүүлэгдэж, 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ. Харин үлдсэн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байгааг онцоллоо.
Харин иргэдийн зүгээс шатахуун авахын тулд олон цаг дараалалд зогсож, цаг хугацаа алдахаас гадна ажил, амьдралаа зохицуулах боломжгүй болж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Зарим иргэн шатахуун авахаар шөнөжин дугаарлан хонож байгаа бол зарим нь 3–6 цагийг дараалалд зарцуулж байгаагаа хэллээ.
Мөн иргэд олон цагийн турш дараалалд зогсож байхад зарим жолооч дараалал дайран орж, бусдын урдуур дайрч байгаад бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тэдний зүгээс иргэд харилцан хүндэтгэлтэй байж, оочер дарааллаа баримтлан, бусдын цаг хугацаа, хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй байгааг онцолж байна.