Жил бүрийн өвөл нийслэл хотын хэмжээнд явган хүний зам, талбайн халтиргаа гулгааг бүрэн арилгаагүйгээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо цас орсны дараах өдрүүдэд хоногт дунджаар 300-аас 400-д хүрч, эмнэлгийн ачааллыг эрс нэмэгддэг. Энэ нь төр, захиргааны байгууллагын хяналт сул, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага дутмаг байгаагаас шалтгаалан иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих үндсэн эрх ноцтой зөрчигдөж байгааг иргэд шүүмжилж байна
Цас орсны дараах оргил ачааллын үеийн тоо баримтыг сөхвөл ердөө хоёр хоногийн хугацаанд ГССҮТ-д хандсан иргэдийн 60 орчим хувь нь явган замаас халтирч унаснаас үүдэлтэй бэртэл авсан байна. Иргэдийн авч буй гэмтлийн хэлбэрийг авч үзвэл зөөлөн эдийн гэмтэл, үе мөчний мултралаас гадна гар, хөл, шагайгаа хугалах, тархины хүнд доргилт болон гавал ясны хугарал зэрэг насан туршийн эрүүл мэндийн хохирол амсах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан "Хотын мал аж ахуй, хог хаягдал, орчны цэвэрлэгээний журам"-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг тухай бүрт нь цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэвч орон сууцны хороолол дундах замууд, худалдаа үйлчилгээний төвүүд болон томоохон албан байгууллагуудын гаднах талбай хөлдөж, иргэдийн бэртэж гэмтэх гол шалтгаан болоод байхад ААН-үүд манай талбай биш, хот цэвэрлэх ёстой хэмээн бие бие рүүгээ хариуцлагыг түлхэж байна.
Хэрэв байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн явган хүний зам дээр халтирч унан бэртсэн бол иргэний хуулийн 497 болон 505 дугаар зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлыг тухайн буруутай этгээд хариуцах зохицуулалттай. Хохирсон иргэн эмчилгээний зардал, эм тарианы үнэ, оношилгооны төлбөр, цаашлаад ажлын чадвар алдсан хугацааны олох байсан орлого, асрамжийн зардал зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн газрын эзэмшигч ААН, байгууллагаас албадан гаргуулах бүрэн эрхтэй юм. Тиймээс иргэд халтиргаанаас болж бэртсэн тохиолдолд унасан газрынхаа зураг, бичлэгийг баримтжуулан авч, ГССҮТ-ийн эмчийн тодорхойлолт, эмчилгээний баримтуудаа бүрдүүлэн шүүхийн байгууллагад хандаж, өөрийн эрхээ хамгаалахыг уриалж байна.