Одоогоор АНУ-ын зэвсэгт хүчний Ираны эсрэг дайн, байлдааны ажиллагааны зардал 47 тэрбум долларт хүрчснийг Пентагоны нууц тайланд дурджээ. Энэ нь өнгөрөгч 7-р сард АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн танилцуулж байсан 37.5 тэрбум долларын тооцооллоос 25 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ оны 2-р сарын 28-ны өдөр АНУ болон Израилын зэвсэгт хүчин Ираны газар нутагт пуужингийн цохилт өгснөөр дайн албан ёсоор эхэлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг мөргөлдөөнийг богино хугацаанд дуусгана гэж тооцоолж байсан ч дайн сунжирч, өдгөө АНУ-ын татвар төлөгчдөд асар том санхүүгийн дарамт болж хувираад байна. Пентагоны тооцооллоор дайны зардал 47 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд уг зардлын 60 гаруй хувийг зөвхөн пуужин, ухаалаг бөмбөг болон агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөцийг эргүүлэн бүрдүүлэхэд зарцуулж байна.
АНУ батлан хамгаалахын нөөц дэх "Патриот" пуужингийн 65 хувийг хэдийн ашиглачихаад байгааг албаны тайланд дурджээ. Тэгвэл Пентагон Ойрх Дорнодод байрлаж буй 50 мянга орчим цэргийн албан хаагчдын өдөр тутмын байлдааны ажиллагаанд 12 тэрбум доллар, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудын нислэг, тээвэрлэлт, баазын харилцаа холбоонд 7.6 тэрбум долларыг зарцуулсан бол дайны явцад сүйрсэн цэргийн техник болон Ираны талд устгуулсан олон тооны дронуудын нийт өртөг 6 тэрбум долларт хүрчээ. Харин уг 47 тэрбум доллар бол зөвхөн цаасан дээр бичигдсэн зардал гэдгийг шинжээчид хэлж байна. Ираны пуужингийн цохилтод өртөж сүйдсэн Ойрх Дорнод дахь АНУ-ын 20 гаруй цэргийн баазыг эргүүлэн засварлах өртгийг энэ тооцоонд хараахан оруулаагүй байна. АНУ-д конгрессын дунд шатны сонгууль хаяанд ирсэн энэ үед Ираны дайны зардал сард дунджаар 3 тэрбум доллароор нэмэгдэж байгаа нь Трампын засаг захиргаа болон Бүгд Найрамдах намын нэр хүндэд дотооддоо маш том цохилт болж байна.