Израилын түүхэн сонгуулиар аль ч улс төрийн нам олонх болж чадсангүй

Өнгөрсөн мягмар гарагт Израил улсад түүхэн парламентын сонгууль болж өндөрлөлөө. 2023 оны Хамас-ын довтолгооноос үүдэлтэйгээр бүс нутгийн хэмжээнд дайн өрнөснөөс хойш Израил улсад анхны парламентын сонгууль болж байна. Уг сонгууль нь Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн улс төрийн замналыг шийдэх хамгийн том шалгуур гэж мэдээлж байна. 

Мягмар гарагт болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Израилын улс төр дахин гүнзгий мухардалд орж, тус улс шинэ засгийн газраа бүрдүүлж чадахгүйд хүрэх ноцтой нөхцөл байдал үүсээд байна.

Энэ удаагийн сонгуулиар Израилчууд түүхэн идэвхтэй байж, сонгогчдын ирц 77.7 хувьд хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сунжирсан дайны нөхцөл байдал, эдийн Засгийн хямрал, инфляц болон хэт ортодокс еврейчүүдийг цэргийн албанаас чөлөөлдөг хуулийн маргаан зэрэг нь Израилын иргэдийг ийнхүү олноор саналаа өгөхөд хүргэсэн байна.

Урьдчилсан байдлаар Б.Нетаньяхугийн тэргүүлдэг баруун төвийн "Ликуд" нам Кнессетэд 32 суудал авч, хамгийн том дангаарх нам хэвээр үлдэх нь тодорхой болсон ч  баруун жигүүрийн болон шашны хэт консерватив намуудын эвсэл нийлээд ердөө 51 суудал авах төлөвтэй байна. Энэ нь засгийн газар эмхлэн байгуулахад шаардлагатай 61 суудлын босгонд  хүрэхгүй үзүүлэлт аж. 

Харин Израилын армийн штабын дарга асан Гади Эйзенкотын тэргүүлсэн сөрөг хүчний  "Яшар!" нам болон либерал, зүүн жигүүрийн намуудын блок Бетаньяхугийн эвсэлтэй бараг тэнцүү хэмжээний суудал авч чаджээ. Сөрөг хүчнийхэн дайныг сунжруулж, улс орноо туйлдуулсан Нетаньяхуг нэн даруй суудлаас нь буулгах амлалт өгсөн ч тэд мөн л дангаараа олонх болж чадаагүй байна. Сонгуулийн албан ёсны дүнг ирэх 11-р сарын 4-ний өдөр танилцуулах бөгөөд үүний дараа ерөнхийлөгч Ицхак Херцог намуудын удирдлагуудтай уулзаж, эвслийн засгийн газар байгуулах эрхийг аль нэг талд нь шилжүүлэх юм. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол Израиль улс ирэх оны эхээр дахин ээлжит бус сонгууль зарлахаас өөр аргагүйд хүрнэ гэж мэдээллээ.