АНУ-ын Төв банк инфляц савлагаатай хэвээр байгаа ч мөнгөний бодлогын хүүгээ өсгөсөнгүй

АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан инфляцын дарамт арилахгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа ч бодлогын хүүгээ одоогийн түвшинд нь хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ийнхүү тус улсын мөнгөний бодлогын хүү 3.7-4 хувийн хязгаарт хадгалагдаж байна.

Өнгөрөгч 9-р сард Холбооны нөөцийн сан сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөсөн бол энэ удаа түр азнаж, зах зээлийг ажиглахаар шийджээ.

Лхагва гарагт Холбооны нөөцийн сангийн дарга Кевин Уорш "Инфляц хэтэрхий өндөр хэвээр байгаа бөгөөд айл өрх, аж ахуйн нэгжүүд бараг зургаан жилийн турш үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа” хэмээн хэллээ. Тэрээр инфляцыг 2 хувийн зорилтот түвшинд хүргэж, үнийн тогтвортой байдлыг хангах нь төв банкны үүрэг хэдий ч  эдийн засгийн идэвхжил "хүчтэй" байгаа тул дараагийн алхмаа хийхээс өмнө илүү их мэдээлэл цуглуулах шаардлагатай байгааг онцолжээ. 

Өнгөрсөн 9-р сард АНУ-д хэрэглээний үнийн индекс буюу инфляц 3.7 хувьд хүрч, өмнөх сарынхаа үзүүлэлтээс өсөлттэй гарсан юм. Ираны дайны үүдэлтэй эрчим хүч, шатахууны үнийн өсөлт, мөн хиймэл оюун ухааны салбарт оруулж байгаа тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт зэрэг нь эдийн засгийг хөргөх, эрэлтийг сааруулах холбооны нөөцийн сангийн хүчин чармайлтад саад болж байна.