Испани улсад хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний уршгаар 68 хүн амиа алджээ 

Энэ лхагва гарагт Испанийн Толедо мужид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөн осол гарч, багадаа 68 хүн амь үрэгдэж, 100 орчим зорчигч гэмтэж бэртсэн гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ. Энэ нь 2026 он гарсаар Испани улсад бүртгэгдэж буй хоёр дахь томоохон төмөр замын осол юм байна. Түүнчлэн 2013 оноос хойших Европын хамгийн олон хүний амь үрэгдсэн осолд тооцогдож байна.

Мадридаас Севияа хотыг чиглэн явж байсан Испанийн төрийн өмчит “Renfe” компанийн өндөр хурдны галт тэрэг зам дээр зогсож байсан хувийн хэвшлийн “Iryo” компанийн галт тэрэгний араас хүчтэй мөргөсөн байна.

Тухайн үед хоёр галт тэргэнд нийт 544 зорчигч зорчиж байсан гэж мэдээллээ. Испанийн тээврийн сайд Оскар Пуэнте уг осол техникийн доголдол болон хүний алдаанаас үүдэлтэй гэж мэдэгдлээ. Тэгвэл эхлээд компьютерын систем гацсанаас болж зам дээрх галт тэрэгнүүд автоматаар зогссон байна. Улмаар төв удирдлагын диспетчер нөхцөл байдлыг гар аргаар зохицуулах хэрэгтэй болжээ. Гэвч диспетчэр урд талын зам хаагдсаныг сануулах улаан гэрэл асаалттай байсныг мэдэж байсан ч араас нь ирж байсан галт тэргэнд явах зөвшөөрөл өгснөөс болж олон хүний амийг авч одсон осол гарчээ. 

Осол гарсан хэсэгт өндөр хурдны галт тэрэгнүүд цагт 200 орчим км цагийн хурдтай зорчдог тул цохилтын хүч маш их байснаас вагонууд замаас гарч, далан руу өнхөрчээ.

Өнгөрсөн 1-р сард Испани улсад яг ижил чиглэлийн төмөр зам дээр осол гарч 46 хүн амь үрэгдэж байсан юм. Нэг жилийн дотор хоёр дахь том осол гарсанд Испанийн иргэд бухимдаж, тээврийн яамныхаа гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. 

Испанийн ерөнхий сайд Педро Санчес улс даяараа 3 хоногийн гашуудал зарлаж, буруутнуудад хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн ирэх сард болох бүх нийтийн сонгуулийн сурталчилгааны ажлуудыг гол намууд түр зогсоогоод байна.