13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна

Цахим хэрэглээ өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн хүүхдүүд facebook, instagram, tiktok зэрэг платформууд дээрх хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг сөрөг агуулгатай мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч, даган дуурайж үе тэнгийнхний дээрэлхэлт үйлдэх, эсвэл дээрэлхэлтэд өртөх тохиолдол их гарч байна. Иймд хүүхдийн цахим хэрэглээг хуулиар зохицуулахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас харилцаа холбооны сүлжээний хүртээмж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зарцуулалт болон хүүхдийг цахим орчинд хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Тус хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13–16 насныханд насанд нь тохирсон контент харуулах хязгаарлалт нэвтрүүлэхээр тусгасан байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингийн мэдээлснээр, өнөөгийн нөхцөлд хүүхдүүдэд зориулсан цахим орчин дахь тусгай шүүлтүүр хангалтгүй байгаагаас шалтгаалан насанд хүрэгчдэд зориулсан  зохисгүй агуулга хүүхдүүдэд шууд хүрч байна. Иймээс олон талт судалгаанд үндэслэн хүүхдийн насны онцлогт тохирсон хэрэглээг бий болгож, цахим орчин дахь эрсдэлээс хамгаалах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж байна. 

Тус хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэх, ашиглахыг хориглож, 13–16 насныханд насны онцлогт тохирсон контентын шүүлтүүр, хязгаарлалттай горим нэвтрүүлэхээр тусгажээ. Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүүхдүүдийн дунд өргөн хэрэглэгддэг платформуудын компаниуд, эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллага болон төрийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг салбарын сайд онцоллоо.