Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль хийн зууханд бүрэн шилжсэн байна. Тус сургууль өмнө жилүүдэд дунджаар 420 тонн түүхий нүүрс хэрэглэдэг байжээ. Харин хийн зуухан шилжсэнээр 90 гаруй өрхийн янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна хүүхдүүдийн сурч боловсрох орчин эрүүл аюүлгүй болсон гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн халаалтыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлж 10-сарын 28 өдөр нээлтээ хийжээ. Тус сургууль хуучин 300квт хүчин чадалтай хоёр зуух ашиглаж, жилд дунджаар 420 тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан байна. Харин шинэчлэлийн хүрээнд 48квт хүчин чадалтай 15 ширхэг хийн бойлер суурилуулснаар жилийн 420 тонн хатуу түлшний хэрэглээг зогсоож, 90 гаруй айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээний агаар, орчны бохирдлыг бууруулах тооцоо гарчээ.
Тус сургуулийн халаалтын системийг хувийн ААН-ийн татварт ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээр шингэрүүлсэн хийн түлшний системд шилжүүлжээ. Тус сургуульд суурилуулсан шингэрүүлсэн хийн түлшний систем нь аюултай 11 төрлийн нөхцөлийг илрүүлж, хийн хангамжийг автоматаар хаах хамгаалалттай юм байна. Мөн тэсрэлтээс хамгаалагдсан цахилгаан тоноглол, дуут дохиолол, хүйтэнд тэсвэртэй лед дэлгэц бүхий хийн мэдрэгчүүдээр тоноглогдсон орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд аюулгүй ажиллагааг 100 хувь хангасан гэдгийг хэлж байна.
Ийнхүү нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль хийн халаалтын системд бүрэн шилжсэнээр жилд 420 тонн түүхий нүүрс түлэхгүй болж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн халаалтын шинэ систем нэвтрүүлснээр сурагчид, багш, ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл сайжирч байна. Цаашид боловсролын байгууллагуудын халаалтын системийг шинэчлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болж байна гэдгийг тус сургуулийн захирал онцолсон юм.