Иргэн: Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг учраас хувийн хэвшлийнхэн цалингаа тодорхой хувиар нэмэх ёстой  

Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 1-ээс эхлэн төрийн үйлчлгээний албан хаагчдийн цалин нэмэгдэхээр болсон. Цалингийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, түрээс, үйлчилгээний өртөг шууд болон шууд бус хэлбэрээр өсдөг бөгөөд энэ нь эдийн засагт инфляцын дарамтыг үүсгэдэг гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Харин төрөөс цалин нэмсэн шийдвэр нь нийт ажиллах хүчний ердөө 20 орчим хувьд л хамааралтай бөгөөд үнийн өсөлтийн шуурганд орлого нь огт нэмэгдээгүй үлдсэн 80 хувь нь шууд өртөж, санхүүгийн хувьд хүндрэл үүсэх эрсдэлтэйг тэдний төлөөлөл хэлж байна.

---Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол улсын нийт ажиллах хүчний тоо 1.5 сая орчим байгаагаас төрийн албанд ердөө 18-23 орчим хувь нь ажилладаг. Үлдсэн 75-80 орчим хувийг хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа бизнес эрхлэгчид, малчид бүрдүүлж байна.
---Ирэх сарын 1-ээс эхлэн 52 мянга гаруй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин албан тушаалын зэрэглэлээс хамаарч сарын 477 мянгаас 903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнээс харахад нийт ажиллах хүчний ердөө 20 орчим хувийн цалин өсөхөөр байна. Олон улсын валютын сангаас гаргасан Монгол улсын цалин ба инфляцын хамаарлын судалгаанд төрөөс гэнэтийн байдлаар цалин нэмэх нь хувийн хэвшлийн цалинд дарамт үүсгэж, улмаар инфляцыг тасралтгүй хөөрөгдөх гинжин хэлхээг идэвхжүүлдэг болохыг анхааруулсан байдаг.
---Үүнтэй зэрэгцэн хувийн байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээ тоон утгаараа хэвээр үлдсэн ч, инфляцаас шалтгаалан тухайн мөнгөөр худалдан авч чадах бараа, үйлчилгээний хэмжээ хумигдана. Өөрөөр хэлбэл, өмнө нь 1 сая төгрөгөөр авдаг байсан хэрэглээний сагс үнийн өсөлтийн дараа 1.2-1.3 сая төгрөгт хүрэхэд хувийн хэвшлийнхэн 20-30 хувийн бодит орлогын алдагдалд ордог байна. 
---Ийнхүү амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж эхэлнэ. Гэвч борлуулалт, ашиг орлого нь нэмэгдээгүйн дээр  татвар, түрээсийн дарамтад буй хувийн хэвшлүүд цалинг шууд нэмэх санхүүгийн боломж хомс байдаг байна. Хэрэв цалинг хүчээр нэмбэл үйл ажиллагааны зардал нь өсөж, улмаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эсвэл ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрдэг байна. 

Үүнийг амьдрал дээрх энгийн жишээгээр тайлбарлавал хувийн компанид ажилладаг Болд, төрийн албан хаагч Баяраа нар хоёулаа сарын 1.8 сая төгрөгийн цалинтай байв. Шинэ шийдвэрээр Баяраагийн цалин 600.000 төгрөгөөр нэмэгдэж 2.4 сая болсон бол, Болдын орлого хэвээр үлджээ. Энэхүүү шийдвэрийн дараа хэрэглээний сагсны үнэ болон шатахууны өртөг инфляцыг даган дунджаар 20 орчим хувиар өсөх магадлалтай. Үүний дараа төрийн албан хаагч Баяраагийн хувьд цалин нь 33 хувиар нэмэгдсэн тул зах зээлийн 20 хувийн үнийн өсөлтийг бүрэн даваад, амьжиргаагаа сайжруулах боломжтой үлдэж байгаа юм. Харин хувийн хэвшлийн ажилтан Болд урьд нь 1.8 сая төгрөгөөр авдаг байсан хүнс, суурь хэрэгцээг худалдаж авахад үнийн өсөлтийн дараа 2.160.000 төгрөг шаардлагатай болж байна. Түүний хэрэглээ огт өөрчлөгдөөгүй атал сар бүр 360.000 төгрөгийн бодит дутагдалд орохоор байна. Эдийн засагт үүнийг далд татвар гэдэг. Төр засаг Болдын цалингаас шууд суутгал хийгээгүй ч, мөнгөний үнэ цэнийг унагах замаар түүний халааснаас сар бүр 360.000 төгрөг, жилд 4.320.000 төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр хураан авч байгаатай ижил үр дагаврыг авчирч байна. Хэдийгээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг буруутгах үндэслэлгүй ч түүнийг дагаж үүсэх нөхцөл байдал бусад иргэдэд хэрхэн нөлөөлөх талаарх судалгааг гаргах шаардлагатай байсан. Мөн хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээгээр цалингаа нэмэх шаардлага үүсэж байна.

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа энэхүү зохицуулалт нь төрийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, дундаж давхаргыг дэмжих зорилготой. Гэвч төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд шаардлагатай тэрхүү их хэмжээний санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж байгаа нь эргээд дотоодын зах зээл рүү маш богино хугацаанд, бэлэн мөнгөний урсгал хэлбэрээр цутган орж ирнэ гэсэн үг юм. Үүний үр дүнд худалдаа эрхлэгчид болон үйлчилгээний салбарынхан худалдан авагчдын гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдсэнийг мэдэрч, бараа бүтээгдэхүүнийхээ суурь үнийг шинэчлэн тогтоож эхлэх магадлалтай. Хэрэв аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмбэл түүнийг дагаад инфляцын дарамт үүсдэг бичигдээгүй хуультай гэдгийг судлаачид онцолж байна. 

Төрөөс хувийн хэвшлийн бүтээмж, хөгжлийг дэмжихгүйгээр зөвхөн төрийн албаны цалинг механикаар өндөр хувиар өсгөх нь урт хугацаандаа хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулдаг гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тиймээс хувийн хэвшлийнхний бүтээмж, хөгжлийг дэмжих мөн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд тодорхой хувиар цалингаа нэмэх хэрэгтэй гэдгийг иргэд онцолж байна.