АНУ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд ОХУ-ын засгийн газар дизель түлшний экспортын хоригоо энэ оны эцэс хүртэл сунгалаа. Хэдийгээр экспортын хоригийг сунгасан ч зарим үйлдвэрлэгч компаниудад “Квот олгох замаар нийлүүлэлт хийхийг зөвшөөрнө” гэж албаны тайлбарт дурджээ.
Энэ сарын эхээр Владимир Путин, Дональд Трамп нар утсаар ярьсны дараа Москва, Вашингтон хоёр дизель түлш нийлүүлэх хэлэлцээрт хүрсэн юм. Яг тухайн үед Украины зэвсэгт хүчний байлдааны талбарт, тэр дундаа дроны цохилтдоо ашиглаж байсан “Старлинк” интернэт сүлжээний хурд гэнэт саарчээ. Үүнээс шалтгаалан ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон Украины дроны цохилтууд түр хугацаанд зогссон байна.
Харин ОХУ дроны цохилт намжсан энэхүү үеийг овжин ашиглаж, гэмтсэн үйлдвэрүүдийнхээ засварыг маш шуурхай хийж амжжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийг хэсэгчлэн сэргээснээр Оросын дизель түлшний боловсруулалт 25 хувиар өсөж, гарц нь өдөрт 50,000 тонноор нэмэгдсэн байна.
Өдгөө ОХУ-ын дизель түлшний боловсруулалт нэмэгдэж, экспортын зах зээл рүү чиглэсэн гурван ч танкер хөлөг онгоц аль хэдийн замдаа гарч, дөрөв дэх нь 10-р сарын 28-нд хөдөлжээ. Хэдийгээр дизель түлшний экспортын хориг үргэлжилж байгаа ч, ирэх 11-р сард квотын хэмжээг 4 дахин нэмэгдүүлж, 2 сая тоннд хүргэхээр болжээ. Мөн үүний зэрэгцээ бусад улстай байгуулсан засгийн газар хоорондын гэрээний дагуух нийлүүлэлтүүд хэвийн үргэлжилнэ гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгдлээ.
Харин бензиний хувьд нөхцөл байдал огт өөр байна. Оху дизель түлшний экспортыг квот хэмжээгээр суллаж, зах зээлд нийлүүлж байгаа ч бензиний экспортын хатуу хоригийг ирэх 2027 оны 1-р сарын 31-ийг хүртэл хэвээр үлдээжээ.