Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн салбарт итгэх олон нийтийн итгэл сулрах хандлага ажиглагдаж байна

Манай улсад одоогийн  байдлаар  идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 352 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 73-75 хувь нь хувийн эзэмшлийнх бөгөөд үлдсэн хэсгийг олон нийтийн болон төрийн, орон нутгийн өмчит мэдээллийн хэрэгслүүд эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн салбар болон сошиал орчинд сэтгүүлчийн үүрэг хариуцлага, мэргэжлийн ёс зүйн зааг шугамын талаарх маргаан хүчтэй өрнөж байна. Сэтгүүлчид нийгмийн дуу хоолой болох үндсэн үүргээ умартан, сошиал орчинд талцаж хуваагдан, бие биенээ үгүйсгэх болсон нь дөрөв дэх засаглалыг бүхэлд нь үнэ цэнгүй харагдуулах гол шалтгаан болж байна гэдгийг салбарын төлөөлөл онцолж байна.

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээтэй холбоотой асуудлаас үүдэн сэтгүүл зүйн салбарт итгэх олон нийтийн итгэл сулрах хандлага ажиглагдаж байна. Орчин үеийн сэтгүүл зүйд хурдан мэдээлэх өрсөлдөөн давамгайлснаас үүдэн баримтыг давхар шалгах, эх сурвалжийг тэнцвэртэй хадгалах мэргэжлийн стандарт алдагдах болсон. Үүнээс гадна сэтгүүлчид төрийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийж бие биетэйгээ өрсөлдөж ёс бус үйлдэл гаргах болсон нь иргэдийн дунд сэтгүүлзүйн салбарын нэр хүндийг унагаах эхлэл болж байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг салбарынхан онцолж байна.  

Сэтгүүл зүйн салбарт хөл тавьж буй залуу боловсон хүчин бүр их сургуульд суралцахдаа сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг чанд баримтлах талаар гүнзгий ойлголттой болж төгсдөг. Тэд анги танхимд үнэн зөв байх, хараат бусаар ажиллах, мэдээллийг тэнцвэртэй хүргэх болон бусдад хор хохирол учруулахгүй байх зэрэг мэргэжлийн алтан зарчмуудыг суурь болгон судалдаг байна. Гэвч амьдрал дээр, практик талбарт гараад ажиллах үедээ сэтгүүлчид цахим орчны хандалт хөөх, санхүүгийн болон улс төрийн бүлэглэлийн нөлөөнд автах зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалан сэтгүүлчийн ёс зүйн дүрмээ ямар нэгэн байдлаар зөрчих тохиолдол их гарч байна.  Энэхүү нөхцөл байдлыг сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нар гаргасан ёс зүйн алдаа бүрийг амьд жишээ болгон татаж, суралцагчдадаа ёс зүйн зааг шугамыг таниулах бодит дадлага, практик хичээл болгон гүнзгийрүүлэн зааж байна. Өөрөөр хэлбэл, салбарын энэхүү уналттай тал нь оюутнуудын хувьд онолын мэдлэгээ амьдралтай холбон суралцах, ирээдүйд давтаж болохгүй алдаагаа ухамсарлах нэг төрлийн том сургамж болж байгааг багш нар онцоллоо.

Сэтгүүл зүй нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн биелүүлэхийн тулд харилцан бие биеэ үгүйсгэсэн явцуу ашиг сонирхол, талцлаас даруй татгалзах шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна. Нөгөөтээгүүр салбарыг эрүүлжүүлж, мэргэжлийн үнэ цэнийг өсгөх гол гарц нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хариуцлагатай редакцын тогтолцоог бэхжүүлэх явдал болохыг багш, оюутан, экспертүүд дуу нэгтэйгээр санууллаа.