УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ерөнхий сайд Н.Учралтай “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр мэтгэлцлээ

УИХ-ын чуулганы сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт ерөнхий сайдаас засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэртэй холбоотой асуудлуудаар хариулт авдаг асуулгын цаг зохион байгуулагддаг. Энэ удаагийн асуулгын цагаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ерөнхий сайд Н.Учралтай “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр мэтгэлцэхээр товложээ. Түүнчлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Хүн намын зөвлөлөөс ч асуулгын цагт оролцсон байна.

Одоогоос 9 жилийн өмнө буюу 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 43.5 их наяд болж, бараг 5 дахин өсжээ. Хэдийгээр улсын төсөв тэлж байгаа ч иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд шүүмжилж, төсвийн үр ашиггүй зарцуулалт, авлигыг хэрхэн зогсоохыг ерөнхий сайдаас тодрууллаа.

Түүнчлэн улсын төсвийн 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Гэвч манай улсаас экспортлох 10 сая тонн нүүрсний экспорт тасалдахад л төсөвт ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлдэг юм байна. Иймд уул уурхайн хамаарлыг бууруулж, түүхий эдэд нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатайг ерөнхий сайд асуулгын цагаар онцолсон юм.