Б.Түвшин: АН-ын бүлэг ЗГ-тай хамтрахгүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн дэд дарга нараа шинээр сонголоо. Тус бүлэг сүүлийн хоёр долоо хоногт ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй бөгөөд энэ хугацаанд дэд дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Шинээр томилогдсон бүлгийн дарга Б.Түвшингийн хувьд ийнхүү анхны бүлгийн хурлаа хийж, удирдлагын багаа бүрдүүллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл хийхдээ өмнө нь бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбогдуулан шинэ дэд дарга нарыг томилсныг мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нар бүлгийн дэд даргаар ажиллахаар болоод байна.

Харин АН-ын бүлэг Засгийн газартай хамтран ажиллах эсэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж, төрийн ордонд энэ талаар янз бүрийн мэдээлэл, таамаг яригдаж байгаа ч хамтрахгүй гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдээллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дотоод зохион байгуулалт, удирдлагын томилгоо ийнхүү шинэчлэгдлээ. Харин өнгөрсөн хугацаанд яригдаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн дотоод хуваагдал болоод шинэ удирдлагын баг бүлгийн гишүүдээ нэгтгэж, улс төрийн гол асуудлуудаар нэгдсэн байр суурь илэрхийлж чадах эсэх нь цаашдын үйл ажиллагаанаас харагдах байна.