Энэ сарын 1-ээс эхлэн 435 мянган ахмад настан суурь тэтгэврийн нэмэгдлээ авч эхэллээ

Энэ сарын 1-ээс эхлэн Монгол улсын 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэллээ. УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийн тодотголыг эцэслэн баталснаар уг шийдвэр хэрэгжиж байна. Засгийн газар үр ашиггүй зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танаж, үүнээс 196.3 тэрбум төгрөгийг энэ оны үлдсэн улирлын суурь тэтгэврийн санхүүжилтэд хуваарилжээ. Хэдийгээр ахмадууд нэмэгдсэн тэтгэврээ авч байгаа ч инфляцын түвшин 13 хувьд хүрсэн энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсөх вий гэх болгоомжлол иргэдийн дунд байна.

Манай улсад  эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Тэгвэл 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор  суурь тэтгэврийн тогтолцоог анх удаа нэвтрүүлж, ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг хоёр сараар наашлуулан энэ сарын 1-ээс эхлэн ахмад настны тэтгэвэрийг нэмсэн. Тэгвэл суурь тэтгэврийн нэмэгдлээ өчигдрөөс эхлэн авсан ахмадууын хувьд  тэтгэврийн бодит нэмэгдэл нь ахмадуудын амьдралд хүртээмжгүй байгаа бөгөөд үүнийг дагаж хэрэглээний барааны үнийн өсөлт нэмэгдэх болов уу гэсэн айдастай байгаагаа хэлж байна. Мөн зарим  ахмадуудын хувьд  тэтгэврийн насыг 55-60 нас гэж  зааж өгсөн нь насжилт багассан энэ үед анхаарах ёстой асуудал гэдгийг хэлж байна. 

Үүнээс гадна улсын хэмжээнд цэргийн тэтгэвэр авдаг 13 мянга орчим иргэн байдаг. Тэд залуу насаа улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө зориулж, хуулийн дагуу эрт тэтгэвэрт гардаг ч ахмад настны тухай хуулиар эрэгтэй 60 нас хүртлээ, эмэгтэй 55 нас хүртлээ энэхүү суурь тэтгэврийг авч чадахгүй хүлээх нөхцөл үүсжээ. Олон жил улсад зүтгэсэн цэргийн алба хаагчдын энэхүү онцлог содон нөхцөлийг төр засаг анхааралдаа авч, хууль эрх зүйн амьдралд нийцсэн уян хатан зохицуулалт хийх шаардлага үүсээд байна.

Ийнхүү суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж олгох хугацааг наашлуулсан нь ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч тэтгэврийн бодит хүрэлцээ, худалдан авах чадварыг сайжруулж чадах эсэх нь  иргэд болоод ахмадуудын хувьд чухал хэвээр байна. Тиймээс суурь тэтгэврийн нэмэгдэл ахмад бүрийн амьдралд хэрхэн нөлөөлөх, олон жил шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэх, цаашид тэтгэврийн орлогыг амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмсэн ч олон жил ажиллаж, улсад олон жилийн хугацаанд шимтгэл төлсөн ахмадын хөдөлмөрийн үнэлэмжийг хангахын зэрэгцээ амьжиргааны бодит өртөгт нийцсэн, тогтвортой орлогын баталгаа бүрдүүлэх шаардлага тулгарсаар байна.