Нийслэлийн агаарын бохирдлыг 14.9 их наядын санхүүжилтээр 5 жилийн дотор 55 хувь бууруулах төлөвлөгөөг танилцууллаа

Агаарын бохирдолтой тэмцэх, утааг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжаар нийт 4.7 их наяд орчим төгрөг зарцуулаад байгаа ч агаарын чанарт иргэдийн хүлээж байсан хэмжээний бодит үр дүн, ахиц гарахгүй хэвээр байна. Жил бүр томоохон хэмжээний санхүүжилт хуваарилдаг хэдий ч өвлийн оргил ачааллын үед агаар дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж болгосон аюулгүйн түвшнээс олон дахин давсан хэвээр байгаа нь бодлогын хэрэгжилт, зардлын үр ашгийг эргэн харах шаардлагатайг харуулж байна.

Хэдийгээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, сайжруулсан түлшний хангамж, цахилгааны тарифын хөнгөлөлт зэрэг гал унтраах үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаа ч хүний биед хамгийн хортой pm2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ зарим үед өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар өссөн дүнтэй гарч байна. Энэ нь хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь асуудлыг сууриар нь шийдвэрлэх гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалтад бүрэн чиглэж чадахгүй, түр зуурын шинжтэй бодлогод илүү үрэгдэж байгааг илтгэж буй хэрэг юм. Цаашлаад 2030 он хүртэл агаарын бохирдлыг 55 хувиар бууруулах шинэ стратеги төлөвлөгөөнд дахин 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Ингэхдээ долоон үндсэн чиглэлийг тусгасан бөгөөд эдгээр долоон чиглэлийн хүрээнд нийт 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь зөвхөн гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулахад бус, агаарын бохирдол үүсгэж буй олон талт эх үүсвэрийг хамарснаараа  онцлог гэдгийг салбарийнхан хэлж байна. 

Эдгээр арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2030 он гэхэд pm2.5 нарийн ширхэглэгт тоосонцрыг 66 хувь, pm10 тоосонцрыг 77 хувь, хүхэрлэг хийг 64 хувь, азотын давхар ислийг 15 хувиар тус тус бууруулахаар тооцсон байна. Ингэснээр агаарын бохирдлыг нийт түвшинд нь 55 орчим хувиар бууруулах зорилт тавьсан гэдгийг салбарынхан онцолж  байна. 

Манай улсад өвлийн улиралд гэр хорооллын түлшний хэрэглээ, дулааны цахилгаан станцуудын ялгаруулалт, автомашины утаа зэрэг олон эх үүсвэрээс бохирдол үүсэж, агаарын чанар мууддаг. Тиймээс энэ удаагийн 2026–2030 оны төлөвлөгөөгөөр бохирдлын эх үүсвэр бүрд чиглэсэн цогц арга хэмжээ авч, 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулан, Улаанбаатар хотын агаарын чанарыг үндэсний стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж түвшинд дөхүүлэхээр зорьж байна гэлээ.