Ням гарагт АНУ-ын төрийн департамент 2.1 тэрбум ам.долларын өртөг бүхий Патриот системийн 500 ширхэг пуужинг Украин улсад худалдах зөвшөөрөл олголоо. Уг шийдвэр нь Украины зэвсгэт хүчний пуужингийн нөөц шавхарч, тус улсын эрчим хүчний дэд бүтцийг онилсон ОХУ-ын армийн баллистик пуужин, дроны цохилт эрчимжсэн эгзэгтэй үед гарч байна.
Уг борлуулалт нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр зэвсэг нийлүүлдэг уламжлалт тусламжийн хөтөлбөр биш бөгөөд санхүүжилтийг дараах онцгой механизмаар бүрдүүлэхээр тохирчээ. АНУ-ын засгийн газар гуравдагч орнуудад Украины өмнөөс зэвсэг худалдан авах боломжийг олгодог "Jumpstart" хөтөлбөрөөр дамжуулан Патриот системийн дагалдах пуужингуудыг борлуулах гэж байна. Украины ерөнхийлөгчийн тамгын газраас худалдан авалтын төлбөрийг өөрийн холбоотон орнууд болох Канад, Герман, Норвеги улсуудын хандиваар бүрдүүлж байгаа талаар мэдээллээ. Тэгвэл АНУ-ын томоохон зэвсэг үйлдвэрлэгч Lockheed Martin компани 500 ширхэг пуужинг үйлдвэрлэх аж.
Хэдийгээр АНУ-ын засаг захиргаа гэрээг албан ёсоор зөвшөөрсөн ч пуужингууд Украины гарт шууд очихгүй гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ. Гэрээнд заасан пуужингуудыг одоогоор үйлдвэрлэж эхлээгүй, салбарын эх сурвалжуудын мэдээлж буйгаар бодит нийлүүлэлт 2030 он гэхэд эхний тээвэрлэлтийг хийхээр төлөвлөжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д талархал илэрхийлсэн боловч өвлийн улирал эхэлж, Оросын баллистик пуужингуудын довтолгоо ширүүсэж буй энэ үед пуужингууд "Яг одоо" хэрэгтэй байгааг анхааруулсан байна. Мөн тэрээр барууны түншүүдийнхээ агуулахад байгаа бэлэн нөөцөөс 10-30 ширхэг агаарын довтолгооноос хамгаалах пуужинг яаралтай зээлж авах хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Үйлдвэрлэлийн урт хугацааны гацаанаас гарахын тулд Украины Батлан хамгаалах яам АНУ болон Европын холбоотнуудад хандан "Нөөц шилжүүлэх" тактикийг ашиглахыг уриаллаа. Украины тал АНУ болон Европын орнуудын армийн агуулахад бэлэн байгаа пуужингуудыг нэн даруй шилжүүлэн авч, хожим нь буюу 2030 онд Lockheed Martin-ийн үйлдвэрээс гарах шинэ пуужингуудаар тухайн орнуудын армийн нөөцийг эргүүлэн нөхөх замаар хугацааны зөрүүг арилгахыг эрмэлзэж байна.