Туркийн цөмийн цахилгаан станцын төсөлд БНСУ-ын компаниуд хамтарч ажиллана

Турк улсын хар тэнгисийн эрэгт баригдах "Синоп" цөмийн цахилгаан станцын мега төсөлд БНСУ-ын эрчим хүчний компаниуд гол түншээр нэрлэгдсэн бөгөөд талууд идэвхтэй хэлэлцээ өрнүүлж байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Өмнөд Солонгосын төрийн өмчит  Кепко компани өөрсдийн зохион бүтээсэн реакторыг санал болгож байгаа гэж мэдэгдлээ. 

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Синопын цөмийн станцын төслийн өртөг ойролцоогоор 32.5 тэрбум ам.доллар болох тооцоолол гарсныг хэллээ. Турк улс хар тэнгисийн эрэгт орших Синоп хотод хоёр дахь цөмийн цахилгаан станцаа барихаар төлөвлөж байгаа юм. Туркийн тал төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Солонгосын төрийн өмчит эрчим хүчний Kепко компанитай хамтран судалж байна. Өмнөд Солонгосын Кепко компани өөрийн зохион бүтээж, олон улсад амжилттай экспортлосон APR-1400 загварын 1400 мегаваттын хүчин чадалтай цөмийн реакторыг санал болгож байна. 

APR-1400 загвар нь АНУ-ын Цөмийн зохицуулах хорооны болон Европын холбооны албан ёсны гэрчилгээтэй, газар хөдлөлт болон онцгой нөхцөлд тэсвэртэй шинэ үеийн технологи гэж мэдээллээ. 2018 оноос хойш анх удаа Туркийн ерөнхийлөгч БНСУ-д төрийн айлчлал хийх гэж байна.  Режеп Тайип Эрдоган 3 хоногийн төрийн айлчлалынхаа өмнөхөн: "Бид БНСУ-ыг энэ төсөл дээрх маш том боломжит түнш гэж харж байна" гэж хэлжээ. Хоёр улс хоёр талын худалдааны эргэлтийг 15 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан бөгөөд цөмийн энергээс гадна батлан хамгаалах, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан болон робот техникийн чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрүүдийг ярилцаж байна 

Тэгвэл өдгөө Турк улсын газар дундын тэнгисийн эрэгт байрлах "Аккую" цөмийн цахилгаан станцын анхны блок арилжааны зориулалтаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шатандаа шилжжээ. ОХУ-ын "Росатом" корпорацын 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар, дэлхийд анх удаа "Өөрийн хөрөнгөөр барьж, эзэмшиж, ашиглах" загвараар хэрэгжиж буй тус төсөл нь нийт 4,800 МВт хүчин чадалтай дөрвөн реактороос бүрдэж байна. Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалан төслийн хугацаа багахан хойшилсон ч 2023 онд анхны цөмийн түлшээ хүлээн авснаар Турк улс албан ёсоор цөмийн эрчим хүчний гүрнүүдийн эгнээнд нэгдсэн юм