Өнгөрөгч даваа гарагт Европын долоон улсыг хамарсан томоохон хэмжээний кибер халдлага гарч, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн интернетэд холбогдсон хөргөлтийн системүүдийг унтраажээ. Хакерууд алсын удирдлагын систем рүү нэвтэрч, хөлдөөгчүүдийг "унтраах" горимд шилжүүлснээр Бельги, Люксембург, Швед зэрэг улс дахь супермаркетуудын хүнсний бүтээгдэхүүнүүд муудаж, үлэмж хэмжээний хохирол амссан байна.
Кибер халдлагын улмаас Швед дэх ICA болон Сoop сүлжээ дэлгүүрүүд, Бельги, Люксембург дахь “Delhaize” брэндийн 40 орчим салбар, Ирландын “Supervalu”-ийн 13 салбар, түүнчлэн IKEA тавилгын дэлгүүрийн хүнсний тасгууд хохирол амсжээ.
Зарим дэлгүүрийн хөлдөөгчийн температур нэмэх 50 хэм хүртэл халснаас дотор нь байсан бүх мах, сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн хүнсийг яаралтай устгалд оруулж, салбаруудаа түр хаахад хүрсэн байна. Хакерууд Данийн “Danfoss” болон Бельгийн “Sabcobel” брэндийн хөргөлтийн системийн ухаалаг удирдлагын 4G сүлжээнд тулгуурласан хамгаалалтын сул талыг ашиглан халдлага үйлджээ.
Энэ нь ердөө гурван долоо хоногийн өмнө Францын 700 гаруй супермаркетыг сүйтгэсэн цахим довтолгооны үргэлжлэл бөгөөд Европын холбооны зүгээс үүнийг хүнсний хангамжийг санаатайгаар тасалдуулах гэсэн зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн үзэж, Бельги, Шведийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Энэхүү кибер халдлагын уршгаар сүлжээ дэлгүүрүүд олон сая еврогийн хохирол амссан бөгөөд олон улсын шинжээчид үүнийг улс төрийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, нарийн зохион байгуулалттай төрийн дэмжлэгтэй хакерууд эсвэл кибер гэмт хэргийн бүлэглэлүүд үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.