ОХУ-ын зэвсэгт хүчин Украины өмнөд хэсгийн Запорожье мужийн Комышуваха тосгон дахь хүмүүнлэгийн тусламжийн төвийг онилон агаарын цохилт өгсний уршгаар 26 энгийн иргэн амиа алджээ. Өнгөрөгч даваа гарагт оршин суугчид долоо хоног бүрийн хүнсний хангамжаа авахаар дугаарлаж байх үед нь Оросын арми тус байршил руу 3000 кг-ын жинтэй удирдлагатай тэсрэх бөмбөгөөр эхний цохилтоо өгсөн байна.
Эхний дэлбэрэлтийн дараа эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн ажилтнууд ирж хүмүүст анхны тусламж үзүүлэх үед ОХУ-ын арми хүмүүнлэгийн төвийг онилон тус бүр нь 1,300 кг жинтэй 9 ширхэг чиглүүлэгч тэсрэх бөмбөгийг дахин хаясан байна. Халдлагад өртөж амиа алдсан 26 хүний дунд тусламж авахаар ирсэн энгийн иргэдээс гадна анхны тусламж үзүүлэхээр ирээд байсан 2 аврагч, 4 цагдаагийн алба хаагч байгаа гэж Украины засгийн газраас мэдэгдлээ.
Даваа гаргийн үдэш нуранги доороос хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч Оросын дронууд тухайн бүс нутагт дахин цохилт өгсөн тул аврах ажиллагааг хэд хэдэн удаа зогсооход хүрсэн байна. Украины ерөнхийлөгч В.Зеленський уг халдлагыг "Туйлын зэвүүцмээр, террорист халдлага" хэмээгээд "Оросууд Комышуваха тосгоны иргэдийг долоо хоног бүр энд цугларч тусламж авдгийг мэдэхгүй байх үндэслэлгүй. Энэ бол Орос улс хурцадмал байдлыг намжаах болон энх тайвныг хүсэхгүй байгаагийн тод илрэл, харин ч илүү их аллага үйлдэхийг зорьж буйн тодорхой баримт" гэж мэдэгдлээ.
Ирэх долоо хоногт АНУ, Украин, ОХУ-ын гурван талт хэлэлцээ Абу Даби хотод зохион байгуулагдахын өмнөхөн байдлыг улам даамжруулсан үйл явдал ийнхүү тохиож байна. Үүнтэй зэрэгцэн Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөц шавхагдаж буйг ерөнхийлөгч В.Зеленський хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн ОХУ-ын арми 1200 км-ийн алсын тусгалтай шинэ “Камиказе” дронуудыг тактиктаа ашиглаж эхэлжээ.