Хүний амь насыг аврахад зарим үед өндөр өртөгтэй эмчилгээ, нарийн технологиос гадна өөр нэг хүний сайн дурын шийдвэр хамгийн чухал байдаг. Энэ бол цусаа хандивлах шийдвэр юм. Осол гэмтэл, мэс засал, төрөлт, хүнд өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн шаардлагатай ба түүнийг орлох хиймэл бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Тиймээс цусны донорын тогтолцоо нь эрүүл мэндийн салбарын зайлшгүй чухал хэсэг юм. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээллээр улсын хэмжээнд 280 мянга гаруй бүртгэлтэй донор байгаагаас 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. Өөрөөр хэлбэл, донороор бүртгүүлсэн хүн бүр тогтмол цусаа хандивладаггүй бөгөөд цусны нөөцийг тогтвортой бүрдүүлэхэд нэг удаагийн уриалгаас илүүтэй донорын байнгын оролцоо чухал байна. 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон зарласан.
Эдгээр тоо баримтуудаас харахад жил бүр цусаа хандивлах иргэдийн тоо өссөн байна. Эрүүл мэндийн салбарынхны мэдээлж буйгаар, нэг хүн нэг удаа цусаа өгөхөд дунджаар 3 хүний амь насыг аврах боломжтой байдаг байна. Учир нь донороос авсан нэг удаагийн цусыг шууд тэр чигээр нь хэрэглэдэггүй бөгөөд лабораторид бүрэлдэхүүн хэсэг буюу улаан эс, сийвэн, ялтас эс гэсэн 3 үндсэн бүтээгдэхүүн болгон задалдаг байна. Эдгээр бүтээгдэхүүн бүрийг өөр өөр өвчтэй, цус сэлбэх шаардлагатай хүмүүст хуваан хэрэглэдэг тул таны өгсөн нэг удаагийн тус ийнхүү гурван өөр хүнд амьдрал бэлэглэдэг байна. Цусаа өгөх нь бусдад туслахаас гадна донорын өөрийнх нь эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой. Тухайлбал, хүний биеийн цусны эргэлт сайжирч, шинээр цус төлжиж, зүрх судасны өвчлөл болон цус харвалтын эрсдэлийг бууруулдаг болохыг эмч нар онцолж байна. 18-60 насны, 50-аас дээш кг жинтэй, ямар нэгэн архаг хууч өвчингүй эрүүл иргэн бүр цусаа бэлэглэх боломжтой юм.
Цаашид цусны донорын тоог нэмэгдүүлэхээс гадна залуу үеийнхнийг тогтмол, удаан хугацаанд цусаа хандивладаг дадалтай болгох нь чухал гэдгийг салбарынхан онцолж байна. Үүний тулд донорын талаарх мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх, цус хандивлах боломжийг иргэдэд илүү ойртуулах, ажлын байр, их дээд сургууль болон олон нийтийн орчинд явуулын цус цуглуулах ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна.