ОХУ-аас 11-р сард нийлүүлэх шатахууны захиалгыг нэмэгдүүлжээ 

ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянган тонн нь ирсэн байна.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 12 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд нөхцөл байдал харьцангуй тогтворжсон гэдгийг салбар яамнаас мэдээлж байна. Харин иргэд энгийн АИ-92 автобензиний олдоц тааруу, харин евро-92 төрлийн шатахуун харьцангуй олдоцтой, дараалал багатай байгааг хэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 12, дизель түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.
ОХУ-аас арваннэгдүгээр сард нийлүүлэх шатахууны захиалгыг нэмэгдүүлж, 70 мянган тонн болгосон бол Казахстан улсаас 3 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн шатахуун захиалж, нийт 92 мянган тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ.

Үүний үр дүнд шатахууны хомсдолоос үүдэлтэй дараалал харьцангуй багасаж, нөхцөл байдал тогтворжиж байгааг салбар яамнаас онцоллоо.

Мөн өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийн байгууллагын шинээр барьж буй 16 мянган метр куб шатахуун хадгалах сав ашиглалтад ороход бэлэн болжээ. Ингэснээр шатахууны нөөцийн багтаамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааюм. Түүнчлэн Улаанбаатар төмөр замд 6-8 хоногийн шатахууны нөөц байгаа бөгөөд цаашид шатахууны нийлүүлэлт тасалдахгүй гэж мэдэгдэж байна. Харин иргэдийн зүгээс шатахуун түгээх станцуудад АИ-92 автобензиний олдоц тааруу, дараалал их байгаа бол евро-92 төрлийн шатахуун харьцангуй олдоцтой, дараалал багатай байгааг хэлж Түүнчлэн иргэдийн зүгээс энгийн АИ-92 автобензинийг евро-92 нэрээр борлуулж байж болзошгүй гэх хардлага байна гэдгийг хэллээ. Харин энэ асуудалд салбар яамнаас тайлбар өгөхдөө “Хилээр орж ирж буй шатахуунаас дээж авч, лабораторийн шинжилгээгээр чанар, стандартыг нь баталгаажуулдаг тул ийм зөрчил гарах боломжгүй” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн шатахуунаас гадна автомашины газан хийн түлшний үнэ нэмэгджээ. Тухайлбал, худалдаа эрхлэгчдийн дунд 1 литр хийн түлшний үнэ 3,300-3,600 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Уг үнийн өсөлтийг салбар яамнаас дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, “Олон улсын зах зээл дээр газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор хийн түлшний үнэ мөн дагаж нэмэгдсэн” гэдгийг онцолж байна.