11-р сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор тухайн газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэх шийдвэрийг гаргалаа. Учир нь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээлийн нөөц хомсдож, өвөлжилтийн нөхцөл хүндрэх эрсдэл үүсжээ. Иймээс түймэрт өртөөгүй үлдсэн хэсэгт өвөлжих зэрлэг амьтдад өвс, тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Урьдчилсан тооцоогоор Нөмрөгийн дархан цаазат газрын 468.9 мянган га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн байна. 2018, 2022 онд хийсэн судалгаагаар Нөмрөгийн дархан цаазат газар болон орчны бүсэд 3.000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10.000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Эдгээр амьтдын өвөлжилтийг дэмжих зорилгоор өвс, тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэхэд шаардагдах 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлээд байна.
Харин тухайн бүсэд байх Бичигт уулын урд нарийн голын хэсэг болон Хавирга уулын урд, баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Биологийн шинжээчдийн судалгаагаар эдгээр хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс нэмэгдсэн байна.