ҮХЦ-ийн даргын цалин 7.2 сая, гишүүнийх 6.9 сая төгрөг болж нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-ын ТББХ-оос дэмжлээ

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны 11-р сарын 5-ны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн саналын дагуу боловсруулсан бөгөөд одоо мөрдөж буй цалингийн хэмжээг шинэчилж, итгэлцүүрийг өөрчлөхөөр тусгажээ.

Өнөөгийн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн дарга сард 5.7 сая төгрөгийн үндсэн цалинтай бол цэцийн гишүүд сард 5.5 сая төгрөгийн үндсэн цалин авдаг. 

Үүнээс гадна ажлын өдрөөр тооцсон хоолны 15 мянга, унааны 3 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг юм байна. Мөн докторын зэрэг хамгаалсан бол үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцогддог. Уг мөрдөж буй цалингийн зохицуулалт нь УИХ-ын 2019 оны 63 дугаар тогтоол болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулагдаж байгаа юм. Тэгвэл хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7.2 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 6.9 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх бүрд цэцийн удирдлага, гишүүдийн цалин автоматаар дагаж өөрчлөгддөггүй байна. Тодруулбал Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг УИХ тусгайлан тогтоодог учраас тогтоолын төсөлд тухай бүр өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг байна.

Ийнхүү УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 50 гаруй хувийн саналаар дээрх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд цалингийн шинэ хэмжээг хэрэгжүүлэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм.