Улсын хэмжээнд тэтгэвэр тогтоолгож чадаагүй 230 иргэн шүүхэд хандсан байна

Манай улсад эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн, нийгмийн  даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэвч одоогийн байдлаар БЗД, СБД, ЧД-ийн хэмжээнд тэтгэвэр тогтоолгож чадаагүй 230 иргэн шүүхэд хандсан байна. Тэдний төлөөлөл  болох 63 настай Н.Ганболд 38 жилийн өмнө гэр нь шатаж холбогдох бичиг баримтгүй болсон тул  халамжийн мөнгөөр амьдарч байгаагаа хэлж  байна.  

Манай улсад өнгөрсөн жил тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй иргэн БЗД, СБД, ЧД-ийн хэмжээнд 390 байсан бол 2026 оны хагас жилийн судалгаагаар 230 иргэн бүртгэгджээ. Үүний нэг нь Увс аймгийн харьяа иргэн Н.Ганболд юм. Тэрээр Увс аймагт  хортон мэрэгчтэй тэмцэх чиглэлээр 12 жил ажилласан, өдгөө 63 настай иргэн юм. Улсад нийгмийн даатгалын шимтгэлийг 12 жилийн хугацаанд төлсөн ч  38 жилийн өмнө тог цахилгааны гэмтлээс болж гэр нь галт өртсөний  улмаас тухайн иргэний ажилласан жилийг тогтоох, нотлох баримт бичиг нь бүгд устаж тэтгэвэрт гарах боломжгүй болжээ. Н.Ганболд ажилласан жилүүдээ нотлох баримт бичгээ олж авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хандсан ч өөрийнх нь ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл олдоогүй гэжээ. Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан тул тухайн үед ажиллаж байсныг нь нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх хариуцлагатай албан тушаалтан, байгууллага байхгүй болжээ. Тэрээр Улаанбаатар хотод суурьшсан бөгөөд тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ БЗД-ийн иргэний хэргийн шүүхэд гаргажээ. Гэвч шүүхээс нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь буцаасан байна. Холбогдох албаныхан түүнд давж заалдах шатны шүүхэд хандахыг зөвлөсөн ч Н.Ганболдод сувилагчдын дунд сургууль төгссөн үнэмлэхээс өөр ажиллаж байсныг нь нотлох баримт байхгүй гэлээ. 

Тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай ажилласан жилээ нотлох баримт бичиггүй иргэд юуны өмнө үндэсний болон орон нутгийн архивт хандаж, өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа тушаал, шийдвэр, цалингийн цэс зэрэг баримтыг шүүлгэх шаардлагатай. Хэрэв тухайн байгууллага татан буугдсан, баримт бичиг нь үрэгдсэн зэрэг шалтгаанаар архиваас мэдээлэл олдохгүй бол энэ талаарх тодорхойлолт авч, өөрийн ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох боломжтой. Ингэхдээ зөвхөн архивын тодорхойлолтоор хязгаарлахгүйгээр хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, шагнал урамшуулал болон тухайн үед ажиллаж байсныг нь нотлох бусад баримтыг бүрдүүлэх нь чухал юм байна.  Шүүхээс хүсэлтийг хянан шийдвэрлэж, ажилласан байдлыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа тухайн хугацааг нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэн, тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Харин шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан журмын дагуу давж заалдах боломжтой байна.

Иргэний ажиллаж байсан байгууллага нь татан буугдах, архивын баримт нь үрэгдэх зэрэг шалтгаанаар иргэд өөрийн олон жилийн хөдөлмөрөө нотлох боломжгүй болж, тэтгэвэрээ тогтоолгох эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдахдаа ажилтнуудынхаа хөдөлмөрийн баримт бичгийг холбогдох архивт шилжүүлж, хадгалах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэг хэрхэн биелэгдсэн, баримт бичиг үрэгдсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдэж, үүний улмаас иргэд хохирсоор байгаа юм.