Украины дроны цохилтын улмаас ОХУ-ын Ярасловль дахь газрын тос боловсруулах үйлдвэр зогслоо

Мягмар гарагт Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газар нутгийн гүнд, Ярославль хотын газрын тос боловсруулах үйлдвэр болон Крым дахь эрчим хүчний дэд бүтцийг онилон дроны цохилт өглөө. Довтолгооны улмаас ОХУ-ын хамгийн том таван үйлдвэрийн нэг болох Ярославль дахь “Славнефть-Янос” үйлдвэрт гал гарч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна.

Ярославль дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь ОХУ-ын армийн нисэх онгоц, хуягт техникүүдийг түлшээр хангадаг гол стратегийн объект байна. Үүнтэй зэрэгцэн Крым дахь цахилгаан түгээх сүлжээ Украины дроны цохилтод өртөж, хойгийн томоохон хотуудад цахилгаан эрчим хүч тасарчээ. 

Орон нутгийн засаг захиргаанаас яаралтай цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээний инженерүүдийг ажиллуулж байгаа ч хохирлын хэмжээ их байгаа учраас гэрэл цахилгааныг хэзээ бүрэн сэргээх нь тодорхойгүй байна гэж мэдэгдлээ. 

ОХУ-ын бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины зэвсэгт хүчин нийт 850 гаруй дрон хөөргөж,  Крымын эрчим хүчний сүлжээ цохилтод өртсөн бол “Славнефть-Янос” үйлдвэрийн бүсийн таван хэсэгт гал гарч, үйл ажиллагаа нь доголджээ. 

ОХУ-ын төрийн өмчит Роснефть болон Газпром нефть компаниудын хамтран эзэмшдэг тус үйлдвэр нь жилд 15 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байна. 

Зөвхөн 2026 он гарсаар “Славнефть-Янос” үйлдвэр 10 дахь удаагаа дроны цохилтод өртөж байна. Өнгөрсөн 8 болон 9-р сард өгсөн агаарын довтолгооны улмаас үйлдвэрийн нийт хүчин чадлын 40 орчим хувийг бүрдүүлдэг анхдагч боловсруулах авт-3 болон авт-4 ангиуд хэдийнээ гэмтэж, жагсаалаас гараад байсан юм.