АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Израил улсад жил бүр олгодог 4 тэрбум ам.долларын цэргийн тусламжаа ирэх 2027 оноос эхлэн бүрэн зогсооно гэж мэдэгдлээ. Хэдийгээр тусламжаа зогсох боловч зэвсгийн борлуулалтыг харин хэвийн үргэлжүүлнэ гэж тэрээр онцолсон байна.
2016 оны 9-р сард тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын засаг захиргааны хооронд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд цагаан ордноос жил бүр 4 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлж байсан юм.
Харин Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп завсрын сонгуулийн үеэр Ардчилсан намаас Бүгд Найрамдахчуудыг шүүмжлэх зэвсэг болгож буй "Ярианы сэдвийг" үгүй хийхийн тулд тусламжийг зогсоож буйгаа тайлбарлалаа. Мөн Израил улс санхүүгийн хувьд хүчирхэгжиж, тусламж шаардлагагүй болсныг тэрээр онцолсон байна.
Тэгвэл 1946 онд Израил улс үүсгэн байгуулагдсанаас хойш АНУ-аас тус улсад өгсөн цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ өнөөгийн ханшаар 300 тэрбум долларт хүрчээ. Израил нь дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-аас хамгийн их гадаад тусламж авсан улс гэж мэдээлж байна.
Үүнээс гадна Трамп Израилын ард түмний дунд нэр хүнд нь өндөр буйг гайхуулж, хэрэв америкчууд түүнээс нүүр буруулбал Израил руу нүүж, тус улсын ерөнхий сайд болно хэмээн хошигножээ. Уг ярилцлагынхаа дараахан Трамп АНУ, Иран хоёр тун удахгүй энхийн хэлэлцээр байгуулж магадгүй гэж мэдэгдлээ.