УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Өчигдрийн УИХ-ын чуулганаар эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Тус хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 65.7 тэрбум, хуулийн этгээдээс 18.2 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарчээ. Гэвч эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгаатай холбоотой зарим зардал тодорхойгүй, 2027 оны төсвийн төсөлд санхүүжилт нь тусгагдаагүй байна.

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөлд туссан мэргэжлийн холбооны зохицуулалт болон эмнэлгийн удирдлагын асуудлыг хөндлөө. Тухайлбал эмнэлгүүдийн ТУЗ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг шүүмжилж, Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга нэг сарын хугацаанд гурван удаа солигдсоныг жишээ татлаа.

Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг мэргэжлийн нэгдсэн холбоонд заавал элсүүлэх зохицуулалт нь дахин шалгалт өгч, зөвшөөрөл авах шаардлага үүсгэх эсэх талаар тодруулжээ.

Ийнхүү хуулийн төслийн хэлэлцүүлгээр эмч, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн эрх, нийгмийн баталгааг сайжруулах асуудал хөндөгдсөн ч үүнийг хэрэгжүүлэх санхүүжилт тодорхойгүй хэвээр байна. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс тус хуулийн төслийн төсөв зардал, тогтолцоотой холбоотой асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргаснаар УИХ-ын дарга ажлын 5 хоногийн завсарлага өгчээ.