2023 онд бүрдсэн хууль эрх зүйн зохицуулалтаар тусгай хамгаалалттай газар нутагт байгаль, аялал жуулчлалын чиглэлээр шинээр газар ашиглуулахдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд 2026 онд тусгай хамгаалалттай 196 байршилд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг шинээр сонгон шалгаруулж олгохоор болжээ. Өмнө нь улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг нийт 887 аж ахуйн нэгж, байгууллагад олгосон байна. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу олгодог байсан бол энэ жилээс эхлэн нээлттэй, ил тод цахим хэлбэрээр төсөл сонгон шалгаруулж, газар ашиглуулах ажлыг эхлүүлжээ.
Улсын хэмжээнд 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт байгаль, аялал жуулчлалын чиглэлээр шинээр газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах журмаар олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөвшөөрлийн тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулснаар газар олголтыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Үүний дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2024, 2025 онуудад баталж, 2026 оны 10-р сарын 22-ны өдрөөс төсөл сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах сонгон шалгаруулалтад улсын хэмжээнд нийт 15 тусгай хамгаалалттай газар нутгийн 196 нэгж талбарыг хамруулжээ. Тодруулбал Богдхан уулын дархан цаазат газарт 41, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 44, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 34, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газарт 13, Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт 1, Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт 8, Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт 10, Говийн бага дархан цаазат газарт 2, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт 5, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 4, Их газрын чулуунд 4, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт 21, Мянган угалзатад 2, Отгонтэнгэрийн дархан цаазат газарт 6, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газарт 1 нэгж талбарыг тус тус сонгон шалгаруулалтад зарласан байна.
Өмнө нь газар ашиглах эрхийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэд үндэслэн олгодог байсан бол хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бүх этгээдэд нээлттэй, ил тод, тэгш боломж олгох зарчмаар төсөл сонгон шалгаруулж, газар ашиглуулах болсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар олголт, газар ашиглалттай холбоотой харилцааг ерөнхий байдлаар зохицуулж ирсэн бөгөөд 1997 онд батлагдсан уг хуульд газар ашиглалтын асуудлыг нарийвчлан зохицуулсан тодорхой заалтууд хангалтгүй байжээ. Үүний улмаас өнөөдөр Богдхан уул болон Горхи-Тэрэлжийн бүсэд суурьшлын бүс бий болж, газар ашиглалтын зохион байгуулалттай холбоотой олон асуудал үүссэн байна.
Журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцогч нь Монгол улсын иргэн, эсвэл дотоодын хуулийн этгээд байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж оролцох боломжгүй. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлсон, аялал жуулчлал болон байгаль орчны чиглэлийн мэргэжлийн боловсон хүчинтэй байх шаардлага тавьсан байна. Түүнчлэн өмнө тусгай хамгаалалтай газар эзэмшээд зориулалтын бусаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж уг сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй гэдгийг онцолж байна.