1-5-р ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрдэг гэсэн судалгаа гарчээ

Олон улсад бага ангийн сурагчдын үүрэх цүнхний жин биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Тэгвэл манай улсад сурагчийн цүнхний жинг зохицуулсан нарийн стандарт, журам байдаггүй ба бага ангийн сурагчид хэт хүнд цүнх үүрснээс шүд эрүүний зуулт өөрчлөгдөх, булчингийн тэнцвэргүй байдал үүсэж, аарцагны түвшин зөрөх гэх мэт эрүүл мэндийн хувьд олон сөрөг нөлөөтэй гэдгийг салбарынхан онцолж байна. Иймд сурагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2027 онд цүнхний жин, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн батлуулахаар судлаачид ажиллаж байна.  

Манай улсад бага ангийн сурагчдын цүнхний жинг зохицуулсан нарийвчилсан стандарт байхгүйгээс гадна ЕБС-д хүүхдүүдийн хичээлийн хэрэглэлээ хадгалах локерийн хүрэлцээ муу байгааг судлаачид хэлж байна. Үүний улмаас сурагчид өдөр бүр хэт хүнд цүнх үүрч, нуруу, булчин, зөөлөн эдэд хэт их ачаалал өгөх, үе хоорондын мөгөөрсөнд даралт үүсэх, мэдрэлийн судал хавчигдах зэрэг эрүүл мэндийн эрсдэлтэй тулгарч байна. 

Түүнчлэн 6 сургуулийн 1219 сурагч хамрагдсан судалгаагаар 1–5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрдэг гэсэн үр дүн гарчээ. Харин 6–8 дугаар ангийнханд  11.7 хувь,  9–12 дугаар ангийнханд 4.3 хувь байна. Цүнхний жингийн бүрдлийг авч үзвэл сурах бичиг 55, дасгал ажлын дэвтэр 15, биеийн тамирын хувцас 10, бичгийн хэрэгсэл 8, хоол усны сав 7 хувийг тус тус эзэлж байна. Харин сурагчдаас авсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь цүнх хэт хүнд байдгийг, 88 хувь нь сургуульд локер шаардлагатайг онцолжээ. 

Мөн 76 хувь нь дижитал сурах бичиг ашиглахыг дэмжсэн бол 82 хувь нь хичээлийн хуваарийг илүү зохистой болгох шаардлагатай гэж үзсэн байна. Энэ нь сурагчдын цүнхний жинг бууруулахын тулд зөвхөн стандарт тогтоох бус, сургуулийн орчин, сургалтын зохион байгуулалтад ч өөрчлөлт оруулах шаардлагатайг салбарынхан онцолж байна. 

Монгол улсын үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхтэйг баталгаажуулсан байдаг. Энэхүү зарчмыг боловсролын ерөнхий хуульд мөн тусгаж, суралцагчийн эрүүл, аюулгүй орчин, эрүүл ахуйн нөхцөлийг хангахыг шаарддаг. Гэвч сургуулиудад сурагчдын хувцас, хичээлийн хэрэглэлийг хадгалах шүүгээ, локерын хүрэлцээ хангалтгүй байгаагаас зарим эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн санаачилга, хөрөнгөөр сургуульд шүүгээ, төмөр локер суурилуулж байна. Мөн сургуулийн сурах бичиг, сургалтын материалыг шинэчилсэн ч цүнхний жинг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгааг эцэг эхчүүд онцолж байна. Иймд цүнхний жингийн стандарт тогтоохоос гадна сургууль бүрд хүрэлцээтэй локер, хадгалах шүүгээ байгуулах, хичээлийн хуваарь, сурах бичгийн хэрэглээг давхар шинэчлэх шаардлага тулгарч байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулиудын тоног төхөөрөмж, цахим хэрэгсэл, багшийн компьютер зэрэг нөхөн хангалтын зардлыг улсын төсвөөс хувьсах зардлаар дамжуулан олгодог. Сургуулиуд хувьсах зардлынхаа энэхүү санхүүжилтийг нөхөн хангалтын чиглэлээр бие даан захиран зарцуулж байгаа хэдий ч сургуулийн орчин дахь хамгийн чухал асуудлын нэг болох сурагчдын хувийн шүүгээ буюу локерын хүртээмж орхигдсоор байна. Үүний уршгаар бага, дунд ангийн хүүхдүүд өдөр бүр эрүүл мэндийн стандартаас хэтэрсэн хүнд цүнх үүрч хичээлдээ явж байгаа бөгөөд эрүүл мэндээрээ урт хугацаандаа хохирох эрсдэлийг дагуулж байна.