АНУ-ын Конгресст олонх болсон Ардчилсан намын эрх мэдэл болон хязгаарлалтуудыг танилцууллаа

АНУ-ын Конгрессын хоёр танхимд Ардчилсан нам хяналтаа тогтоож, үнэмлэхүй ялалт байгууллаа. Уг завсрын сонгууль нь ерөнхийлөгч Доналд Трампын хоёр жилийн ажлын тайлан байсан гэж мэдээлж байна. Тэгвэл одоо ялалт байгуулсан Ардчилсан намынханд Ираны дайныг зогсоох, шатахууны үнийг бууруулах зэрэг амлалтаа биелүүлэх том хариуцлага ирж байна.

Сонгуулийн шөнө Ардчилсан намынхны хувьд яг л зүүд зэрэглээ мэт байж, тэд баяр хөөрт умбасан юм. АНУ-ын завсрын сонгуулиар сөрөг хүчин болох Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Конгрессын хоёр танхимыг хоёуланг нь хяналтдаа аваад байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын удирдагч Хаким Жеффриз "Өнөөдөр Америкийн агуу эргэн ирэлт эхэлж байна" хэмээн мэдэгдсэн байна. Уг сонгууль нь үнэндээ иргэдээс ерөнхийлөгч Доналд Трампын өнгөрсөн хоёр жилийн ажлын гүйцэтгэлд тавьсан дүн байлаа. 

Гэвч ирэх оны 1-р сараас эхлэн Ардчилсан намынхан бодит байдалтай нүүр тулна. Вашингтон дахь эрх мэдлийн тэнцвэрт байдал өөрчлөгдсөн нь Ардчилсан намынхан хууль тогтоох хүсэлтээ шууд л биелүүлнэ гэсэн үг биш юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр амласан авлигыг мөрдөх, эрүүл мэнд, хүнс, шатахууны үнийг бууруулах, Ираны дайныг зогсоох зэрэг маш олон хүндхэн сорилтууд тэднийг хүлээж байна.

Нөгөөтэйгүүр Ардчилсан намынхны хувьд эрх мэдэл нь тэлсэн учраас Трампын бодлогын алдаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих чиглэлд хийж чадах зүйл байгаа гэж шинжээчид  хэлж байна. 

Тухайлбал Калифорни мужаас сонгогдсон Роберт Гарсиа тун удахгүй хяналтын хүчирхэг хороог удирдаж, Трампын гэр бүл, Корпорациудын авлига, Эпстийний хэргийн материалуудыг мөрдөн шалгаж, Трампын сүүлийн хоёр жилийн ажилд илүү бодитоор шалгалт явуулна гэдгээ мэдэгдлээ. 

Мөн Сенат дахь шинэ эрх мэдлээрээ дээд шүүхийн томилгоог хаах, эсвэл Трампыг илүү дунджийг барьсан нэр дэвшигч сонгоход хүргэх боломжтой. Харин Трампыг Импичментээр буруутган огцруулах нь Сенатад 67 санал шаардлагатай тул Ардчилсан намынхны хувьд энэ санаачилга нь одоохондоо бүтэшгүй хэвээр байна.

Хамгийн гол нь Ардчилсан намынхан Конгрессоор хууль тогтоомжийг хялбар баталж чадах ч, түүнийг албан ёсны хууль болгоход Цагаан ордонд суугаа ерөнхийлөгч Дональд Трампын хориг саад болно. Лхагва гарагт Трамп "Ардчилсан намынхантай хамтран ажиллана" гэж хэлснээсээ хэдхэн минутын дараа Truth social сүлжээндээ "Veto" буюу "Хориг" гэсэн үгтэй малгайныхаа зургийг нийтэлжээ.