Олешки хотод дайны гал зогсоосон АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Украины төрийн дээд одонгоор шагнуулжээ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампыг Украины төрийн дээд шагнал болох "Гүнж Ольгагийн нэгдүгээр зэргийн одон"-оор шагнахаар болжээ. Лхагва гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленскийн гарын үсэг зурсан зарлигт Меланиа Трампын хүмүүнлэгийн үйлс болон Олешки хотод гал зогсоох хэлэлцээрийг зуучлахад гаргасан зүтгэлийг өндрөөр үнэлсэн тул уг шагналыг олгож буй талаар дурджээ. 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Меланиа Трампыг дайнд нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд "Жинтэй хувь нэмэр оруулсан", хүний эрхийг хамгаалах болон буяны үйлсийг идэвхтэй өрнүүлсэн, мөн Оросын газар нутаг руу хууль бусаар албадан шилжин суурьшсан Украин хүүхдүүдийг эх оронд нь эргүүлэн авчрах үйлсийг тууштай дэмжсэнийг нь үнэлж ийнхүү шагнасан байна. 

Саяхан АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Оросын хяналтад байгаа Олешки хотод зургаан өдрийн турш хэсэгчилсэн гал зогссон юм. Энэ үеэр Украины арми дайны фронт болсон бүс нутгаас 800 орчим энгийн иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлж, хүмүүнлэгийн ажиллагааг амжилттай дуусгасан юм.  Тэгвэл Цагаан ордноос АНУ-ын тэргүүн хатагтай нарын дундаас урьд өмнө нь ийм санаачилга гаргаж байгаагүй хэмээн мэдэгдэж, энэ санаачилга нь дайсагнагчдыг богино хугацаанд ч болов эвлэрүүлж чадсан дипломат амжилт гэж тодорхойллоо. 

Пүрэв гарагт Меланиа Трампын урилгаар Орос болон Украины хүний эрхийн комиссарууд болон төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид уг хүмүүнлэгийн гал зогсоох ажиллагааны үр дүнг хэлэлцэхээр Цагаан ордонд уулзах гэж байна.