Их Британийн иргэдийн 75 хувь нь АНУ-ыг дэлхийн энх тайванд ноцтой заналхийлж байна гэж үзэж байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Тус улсын нийгмийн судалгааны үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг "Британичуудын нийгмийн хандлага" судалгааны тайланд энэ талаар дурдсан байна.
Их Британийн иргэдийн хандлага огцом өөрчлөгдсөн нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж байгаа гадаад бодлого болон Ойрх Дорнод дахь Ираны дайн зэрэг олон улсын зөрчил мөргөлдөөнтэй шууд холбоотой гэж шинжээчид дүгнэжээ.
Судалгаанд оролцогчид дэлхийн энх тайванд заналхийлж буй улс орнуудыг эрэмбэлэхэд:
Орос улс 89 хувиар тэргүүлсэн бол тэдний араас Израил 78 хувь, Иран 75 хувь, АНУ 74 хувь болон Хятад 62 хувиар удаалж, хамгийн өндөр аюултай орнуудаар нэрлэгджээ.
Судалгааны тайланг бэлтгэсэн гадаад бодлогын шинжээч Софиа Гастон Европын дайн, Ойрх Дорнодын тогтворгүй байдал болон Америкийн удирдагчдад эргэлзэх хандлага зэрэг нь Британичуудын дэлхийг үзэх үзэлд сэтгэл зүйн томоохон өөрчлөлт оруулсан гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор Их Британийн олон нийтийн дунд Европын холбоотой эдийн засаг, батлан хамгаалахын салбарт илүү ойр түншлэх хүсэл эрмэлзэл нэмэгджээ. Судалгаанд оролцогчдын 42 хувь нь Их Британийн үндэсний ашиг сонирхолд Баруун Европтой ойр байх нь хамгийн зөв хувилбар гэж хариулсан бол АНУ-тай илүү ойр байхыг ердөө 9 хувь нь дэмжсэн байна.