БНСУ-ын батлан хамгаалах яамнаас Ормузын хоолойн тээврийн замын чөлөөт, аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүс нутаг руу тэнгисийн эргүүлийн нисэх онгоц болон тэсрэх бөмбөг аюулгүй болгох тусгай багийг илгээх шийдвэр гаргажээ. АНУ болон Ираны хооронд өрнөж буй дайнд шууд цэргийн интервенц хийж, байлдааны ажиллагаанд оролцохгүй гэсэн хатуу байр суурь баримталж байгааг албаны тайлбарт онцлон тэмдэглэжээ.
Гэвч дэлхийн эрчим хүчний хамгийн чухал суваг болох Ормузын хоолойгоор дайран өнгөрөх өөрийн орны арилжааны хөлөг онгоцнуудыг хамгаалах, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангах нь Өмнөд Солонгосын эдийн засгийн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой юм.
Тус улсын засгийн газрын төлөвлөгөөний дагуу Адены булан дахь далайн дээрэмчидтэй тэмцэх үүрэг бүхий "Чонхэ" тэнгисийн цэргийн тусгай ангийн үйл ажиллагааны бүсийг Оманы Дукм боомтоос урагш орших задгай тэнгисийн усан хил рүү тэлэхээр болжээ. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас эмч нарын баг, Р-8А тэнгисийн эргүүлийн нисэх онгоц болон усан доорх мина устгах албаны 75 цэргийн албан хаагчийг бүс нутаг руу нэмэлт хүч болгон илгээнэ гэж мэдэгдлээ.
Уг цэргийн хүч нь холбоотны цэргүүдээс бүрэн хамааралгүй, бие даан ажиллах бөгөөд эргүүлийн нисэх онгоцнууд Ираны газар нутаг, нутаг дэвсгэрийн усан хил болон Ормузын хоолойн дотоод хэсэгт тандалт судалгаа хийх, байг онилохыг хатуу хориглосон байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён Сөүл хилийн чанад дахь зөрчил мөргөлдөөнд татагдан орохгүй, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг тууштай баримтална гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл уг шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд батлан хамгаалах яамнаас холбогдох хуулийн төслийг сайд нарын танхимаар хэлэлцүүлж, үндэсний ассамблейгаар батлуулахаар төлөвлөж байна.