Сүүлийн жилүүдэд пянзны соёл дэлхийн олон улс оронд дахин сэргэж байна. Хөгжмийг зөвхөн сонсох бус, үүнтэй хамт дуугаралт, мэдрэмж, нэгэн цаг үеийн дурсамжийг нэгэн цөм болгох энэхүү соёл Монголд ч шинэ өнгө төрхөөр дэлгэрч байна. Тухайлбал, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон Монголын сор дуунуудыг жазз хөгжмийн хэмнэл, шинэ найруулгаар дахин амилуулж, “Хүрээ жазз” хэмээх нэртэй пянзны цомог болгон хүргэж байгаа нь уг соёлын нэгэн тод жишээ болжээ.
Энэхүү амьд соёлын үргэлжлэл Монголын хөгжмийн ертөнцөд ч шинэ өнгө төрхөөр ирж байна. Үүний тод илрэл нь олон нийтэд “Jazz Naagii” хэмээн танигдсан дуучин, ая зохиогч, дэлхийн алдарт телевизийн контент болох “Voice Mongolia” шоуны шүүгч Н.Наранбаатарын санаачлан гаргаж буй “Хүрээ жазз vol. 1” пянз юм. Уг бүтээлд Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уран бүтээлчдийн нандин сор бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аяс, өвөрмөц найруулгатай хослуулан пянзанд буулгажээ. Тэрээр хуучны дуунуудыг сэргээн найруулж, залуу дуучдаар дахин дуулуулсан нь Монголын хөгжмийн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, мартагдаж буй бүтээлүүдийг шинэ үеийн сонсогчдод таниулах чухал ач холбогдолтой болж байна.
Мөн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж, зохиогчийн эрхийн 100 хувийн зөвшөөрөлтэйгөөр гаргаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн уг бүтээлээс олсон орлогын 5–8 хувийг зохиолч, уран бүтээлчдэд олгохоор төлөвлөсөн нь үндэсний уран бүтээлчдийн хөдөлмөр, оюуны өмчийг үнэлж, дэмжиж буй чухал алхам болжээ.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад пянз сонсох сонирхол, соёл улам бүр дэлгэрч, хөгжим сонирхогчид аналог дуугаралтын өвөрмөц мэдрэмжийг эрхэмлэх болжээ. Пянзнаас эгшиглэх аялгуу нь зөвхөн хөгжмийг сонсох бус, уран бүтээлч яг дэргэд амьдаар тоглож, дуулж байгаа мэт ойр дотно мэдрэмж төрүүлэн, сонсогчдод алжаал тайлах, сэтгэлээ амраах онцгой орон зайг бий болгодог байна. Монголын рок, поп дуу хөгжмийн салбарын олон уран бүтээлч өөрийн бүтээлүүдээ пянзанд буулган сонсогчдод хүргэсээр байгаа юм.
Мөн пянз тоглуулагч болон пянзны цуглуулгатай хүмүүс ч манай улсад цөөнгүй бөгөөд тэдний дунд 800 сая төгрөгийн үнэ бүхий пянз тоглуулагч эзэмшдэг хүн хүртэл байдаг нь пянз сонсох соёл, аналог хөгжмийн ертөнцөд хандах хүмүүсийн сонирхол, улам бүр нэмэгдэж байгаагийн тод жишээ болж байна.
Хүссэн дуугаа хэдхэн секундын дотор цахимаар сонсох боломжтой болсон өнөө үед хүмүүс яагаад пянзыг дахин сонирхох болсон шалтгаан нь аналог дуугаралтын өвөрмөц мэдрэмж, цомгийн уран сайхны дизайн, хөгжмийг эхнээс нь дуустал бүтнээр нь сонсох соёл зэрэг нь пянзыг дахин үнэ цэнтэй болгож байна. Түүнчлэн пянз нь зөвхөн хөгжмийг сонсох хэрэгсэл төдийгүй цуглуулгын үнэ цэнтэй эд зүйл болжээ. Дэлхийн хамгийн үнэтэй пянзны нэг болох Wu-Tang Clan хамтлагийн “Once upon a time in shaolin” цомог 4 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 14 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан түүхтэй. Пянзны үнэ цэн нь уран бүтээлч, цомгийн ховор нандин байдал, хэвлэгдсэн тоо хэмжээ, хадгалалтын нөхцөл болон эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ цэн өсдөг байна. XX зуунд айл бүрийн хойморт заларч, хөгжмийн ертөнцийн салшгүй хэсэг байсан пянз тоглуулагч цаг хугацааны явцад CD болон цахим хөгжмийн хэрэглээнд түр шахагдсан ч өнөөдөр дахин эргэн ирж байна. Тухайлбал, АНУ-д пянзны борлуулалт 2017 онд 15.6 сая байсан бол 2022 онд 41 саяд хүрч, сүүлийн хэдэн арван жилд анх удаа CD-ний борлуулалтыг давжээ.