Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд амаржсан эхийн тоо 17 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг мэргэжилтнүүд олон төрлийн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Эдгээрээс нэн тэргүүнд нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, амьдралын таагүй орчин зэрэг нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байгааг хэлж байна.
Дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо эрс буурч залуус гэр бүл төлөвлөлтөө хойшлуулж байгааг салбарынхан хэлж байна. Энэ нь залуусын дунд Европ соёл илүү дэлгэрсэнтэй холбоотой ба залуус ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд өөрийн боловсрол карьертаа анхаарлаа хэт их хандуулдаг болсонтой холбоотойг салбарынхан онцоллоо. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, байр, орон сууцын үнэ тэнгэрт хадаж хүүхдэдээ чанартай боловсрол олгоход өртөг өндөр болж байгаа учраас хүүхэд өсгөх зардал тэр хэрээр нэмэгдэнэ. Тиймээс гэр бүлүүд олон хүүхэдтэй болохоос татгалзаж эхэлжээ. Манай улсад эмэгтэйчүүдийн төрөх нас 23-25 насанд тохиромжтой гэж үздэг бөгөөд үүнээс хойших буюу 35-аас дээш насны төрөлтийг хожуу төрөлт гэж үздэг байна. Мөн сүүлийн жилүүдэд 15-аас доош насны охидын жирэмслэлт нэмэгдсэн бөгөөд эмчийн хяналтад уух заалттай жирэмснээс хамгаалах 72 цагийн эм ба үр зулбалтын эмийн хэрэглээний хэт их хэрэглээнээс үүдэж өсвөр насны охид дутуу зулбах, халдвар авах, дахин жирэмслэх боломжгүй болох тохиолдлууд гарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Монгол улсад төрөлт болон амаржсан эхийн тоо ийнхүү буурч байгаа нь хоорондоо нягт уялдаатай нийгмийн болон хандлагын хоёр том хүчин зүйлээс шалтгаалж байгааг судлаачид онцолж байна. Үүний эхний тал нь залуу хосуудын амьдралын чанарт шууд дарамт болж буй нийгмийн дэд бүтцийн хомсдол юм. Өнөөдөр залуучууд Монголд хүүхэд төрүүлж, өсгөхөд хамгийн том саад болж буй хүчин зүйлээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал болон хүүхдийн эмнэлгүүдийн орны хүрэлцээ муу байгааг нэрлэж байна. Мөн жил бүр цэцэрлэгийн бүртгэл тойргийн хязгаарлалт зэрэг нь эцэг эхчүүдэд сэтгэл зүйн асар том ачаалал үүсгэдэг. Үүн дээр хүүхэд өвдөх үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад урт дараалал үүсдэг, эмнэлгийн ор хүрэлцдэггүй зэрэг амьдралын хүнд нөхцөлүүд нь залуусыг олон хүүхэдтэй болохоос татгалзах, эсвэл төрөлтийг урт хугацаагаар хойшлуулахад хүргэж байна.
Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд залуусыг зөвхөн хүүхэд төрүүл гэж шаардах бус, хүүхэд өсгөх нийгэм, эдийн засгийн орчныг нь иж бүрэн шинэчлэх шаардлага тулгарч байна. Ингэхдээ төрөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг боловсрол, карьераа алдахгүйгээр хүүхдээ өсгөх боломжийг олгохын тулд хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, уян хатан цагийн систем, зайнаас ажиллах нөхцөлийг ажлын байран дээр бодитоор нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцын санхүүжилтийн уян хатан механизмыг бий болгож, хүүхдийн тооноос хамаарч ипотекийн зээлийн хүүг бууруулах, эсвэл урьдчилгаа төлбөрийг хөнгөлөх зэрэг олон улсын бэлэн туршлагуудыг нэвтрүүлэх нь залууст амьдралын баталгаа, ирээдүйн итгэл үнэмшил төрүүлэх хамгийн бодитой алхам болно гэдгийг тэдний төлөөлөл хэлж байна.