УИХ-ын баасан гаргийн хуралдаанаар 2027 оны төсвийн тухай болон холбогдох сангуудын төсвийн төслүүдийн 4 дэх хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх онд 16 мянган өрхөд нийт 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Харин энэ зээлийн санхүүжилтийг хуримтлалын сангаас гаргах эсэх асуудлыг засгийн газар эцэслэн шийдээгүй байгааг Сангийн сайд хэлэлцүүлгийн үеэр мэдээлжээ.
Ирэх оны төсвийн 4 дэх хэлэлцүүлгээр зарим төсөл, арга хэмжээний зардлыг бууруулж, тодорхой зардлыг 2026 оны түвшинд барихаар зохицуулжээ. Мөн Оюутолгой төслөөс орж ирэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон тул өмнө нь боловсрол, эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг өөрчлөх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор 497 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ. Үүний дийлэнх нь эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт байна. Ингэснээр 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 39.2 их наяд, зарлага 41.6 их наяд, алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хуримтлалын сангаас ипотекийн зээлийн үндсэн санхүүжилт гаргахгүйгээр хэрхэн хүүгийн татааст 198 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар УИХ-ын зарим гишүүд тодрууллаа. Учир нь ирэх онд орж ирэх Оюутолгой төслийн ногдол ашгийг хуримтлалын дансанд хийж, тус хөрөнгөөр иргэд эрүүл мэнд, боловсрол, ипотек зэрэгт зарцуулахаар хуульчилсан байдаг.
Хуримтлалын сангаас ипотекийн зээлд санхүүжилт гаргах асуудлаар засгийн газар Монголбанктай эцсийн шийдвэрт хүрээгүй юм байна. Харин 2027 онд нийт 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгож, 16 мянган өрхийг орон сууцад хамруулахаар төсөвт тусгажээ. Өөрөөр хэлбэл, ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч хуримтлалын сангаас хэдий хэмжээний хөрөнгө гаргах, ямар зарчмаар санхүүжүүлэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.