Хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад 538 хонож байгаа ч өнөөг хүртэл хэлэлцээгүй байна

Нийтийн албан тушаалтнуудын хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад 538 хонож байгаа ч өнөөг хүртэл хэлэлцээгүй байна. Уг хуулийн төслийг өнгөрөгч оны 5-р сарын 20-нд Засгийн газраас тухайн үеийн хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр УИХ-ын энэ намрын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. 

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго нь нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглан хууль бусаар олсон хөрөнгийг тогтоож, улсын орлого болгох эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Тодруулбал албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг шалгаж, хууль бус болох нь тогтоогдвол шүүхийн журмаар хураан авах зохицуулалт тусгажээ. Мөн тухайн хөрөнгийг өөрийн нэр дээр бус, бусдын нэр дээр шилжүүлсэн тохиолдолд ч шалгах боломжтой байхаар тусгасан байна. 

Гэвч уг хуулийн төслийг 2025 оны намрын болон 2026 оны хаврын чуулганаар хэлэлцээгүй бөгөөд Засгийн газар төслийг өөрчилж, дахин өргөн барихаар төлөвлөсөн гэх шалтгаанаар хойшлуулсаар байгааг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл шүүмжиллээ. Тэрбээр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, засгийн газар дахин өргөн барина гэх шалтгаанаар хуулийн төслийг удаашруулахгүй, энэ намрын чуулганаар хэлэлцэхийг шаардсан юм.

Түүнчлэн иргэн Б.Болдбаатарын санаачилсан хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох тухай нийтийн өргөдлийг d.parliament.mn сайтад байршуулж, 100 мянган иргэний гарын үсгийн босгыг давжээ. Ингэснээр уг өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх боломж бүрдэж, 11-р сарын 11-ны УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.