Хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай, Завхан аймгийн заагт бэлчээрийн маргааны улмаас малчид нэгнийхээ хонийг машинаараа дайрч хохироосон хэрэг гарчээ. 1990 оноос хойшхи хугацаанд малчдын отор нүүдлийн явцад бэлчээр, өвөлжөө ашиглалттай холбоотой маргаан цөөнгүй гардаг байсан нь сүүлийн жилүүдэд улам ихэссэн байна. Үүнийг бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байна. 2025–2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын нэгдсэн үнэлгээгээр манай улсын нийт нутгийн 48 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлт гарчээ.
Өвөл, хаврын заагт отор нүүдэл эрчимжиж, бэлчээрийн даац хэтрэх бүрд малчид хоорондоо газар нутгаа булаалдаж маргалдах тохиолдол их гардаг. Тухайлбал саяхан Завхан аймгийн нэгэн иргэн өвөлжөөнд нь их хэмжээний цас орсны улмаас нүүдэл хийж, 3 сумын заагт өөрийн сумын харьяа газар эзэмшигчтэй нь урьдчилан тохиролцсоны үндсэн дээр буужээ. Гэвч удалгүй тухайн өвөлжөөнөөс 1–2 км орчим зайд нутаглаж байсан малчин ирж, хонь хариулж явсан хоёр хүүхдийн биед халдсан байна. Мөн түүний эхнэр автомашинаар бэлчээрт байсан малыг дайрч, нэг хонь, нэг ямаа, гурван ишиг гэмтээжээ. Үүнээс үүдэн нэг хонины эрүүний арьс хууларч, яс нь ил гарсан бол ямааны хамраас цус гарч, урд хөл нь доголоход хүрсэн байна. Уг асуудлыг малчид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, холбогдох албаныханд хандаад байгаа юм байна. Хэдийгээр малчдын хооронд энэ мэт маргаан гарсаар байдаг ч үе үеийн Засгийн газар, салбарын яам болон холбогдох мэргэжилтнүүд энэ асуудалд өнөөдрийг хүртэл дорвитой, тогтсон нэгдсэн шийдэл гаргаж чадахгүй байгаад малчид болон олон нийт шүүмжлэлтэй байна. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед отор нүүдэл хийхээс өөр аргагүйд хүрсэн малчдыг нутгийн болон харийн гэж зааглан, хөөж туух явдал гарсаар байгаагаас гадна малчид бие биенийхээ эд хөрөнгөд халдан хохироож, бүр нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол ч гарч байжээ. 2020 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд отрын бэлчээр, нутаг булаацалдсан малчдын маргаан гүнзгийрч, нэг нь хөрш айлынхаа 2 хүний амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай, Завхан аймгийн заагт мөн л бэлчээрийн маргааны улмаас айлын хонийг машинаараа дайрч хохироосон хэрэг гарчээ.
Монгол улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, мал аж ахуй хувийн хэвшилд орон малын тоо толгой огцом өссөн ч бэлчээр ашиглалтын харилцаа өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй байна. Өнөөдөр хөдөөд малчид хоорондоо зөрчил үүсгэж буй гол шалтгаан нь бэлчээрийн даац туйлдаж хэтэрсэн, нөгөө талаас ашиглалтын зохицуулалт хангалтгүй байгаатай шууд холбоотой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс энэхүү тулгамдсан асуудлыг зөвхөн малчдын хоорондын ахуйн маргаан гэж харан орхигдуулах бус, бэлчээр ашиглалтын нэгдсэн зохицуулалттай холбож шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Цаашид улсын хэмжээнд бэлчээрийн даац, багтаамжид тулгуурласан ашиглалтын нэгдсэн төлөвлөгөөг яаралтай гаргаж, отрын нөөц нутгийг урьдчилан тогтоох хэрэгтэй байгаа бөгөөд аймаг, сум хооронд отор нүүдэл хийх гэрээ, зохицуулалтыг хуулиар маш тодорхой болгох хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ тухайн орон нутгийн болон отрын малчдын хүлээх эрх, үүргийг зааглан зааж, маргаан үүссэн тохиолдолд заавал шүүх, цагдаадаа тулахаас өмнө сум, багийн түвшинд шуурхай шийдвэрлэдэг механизмыг бий болгохгүй бол малын өсөлтөд тохирсон систем үгүйлэгдсээр байх болно гэж салбарынхан анхааруулж байна.
Бэлчээрийн даац хэтэрч, отор нүүдэл зайлшгүй шаардлагатай болсон өнөөгийн нөхцөлд малчид хоорондын маргаан зөвхөн ахуйн зөрчил төдий биш, харин бэлчээр ашиглалтын нэгдсэн бодлого, зохицуулалт дутагдлын илрэл болж байна. 1990 оноос хойш малын тоо толгой өссөн ч бэлчээр ашиглалтын тогтолцоог үүнд нийцүүлэн шинэчилж чадаагүй нь нутгийн болон отрын малчдын хооронд үл ойлголцол, зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгааг малчид хэлж байна. Цаашид ийм маргааныг зөвхөн үүссэний дараа нь цагдаа, шүүхээр шийдвэрлэх бус, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйн бодлого хэрэгжүүлж, отрын нутгийг урьдчилан төлөвлөх, орон нутаг хоорондын харилцааг хуульчлан зохицуулах замаар урьдчилан сэргийлэх шаардлагатай хэвээр байгаа бөгөөд бэлчээрийн хүрэлцээгүй байдлаас үүдсэн зөрчил цаашид ч гүнзгийрч, малчдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл хэвээр үлдэхээр байгааг малчидын төлөөлүүд хэлж байна.