Хүнд даацын автомашины хөдөлгөөнөөс говийн эмзэг хөрс эвдэрч, малын бэлчээр доройтох эрсдэл үүсжээ

Өчигдөр “нүүдлийн зам уу, нүүрсний зам уу?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, холбогдох салбарын төлөөллүүд санал солилцлоо. Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомт хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын авто замын төслийг 2025 оноос эхлүүлсэн ч хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй байхад шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. Хүнд даацын автомашины хөдөлгөөнөөс говийн эмзэг хөрс эвдэрч, малын бэлчээр доройтох эрсдэл үүссэн бөгөөд олон салаа зам бий болоод зогсохгүй говийн дархан цаазат газрын хилийн бүс ч хөндөгдөж байна. Энэ нь мазаалай зэрэг ховор амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомт хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын авто замын төслийг 2025 оноос эхлүүлсэн ч хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй байхад шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч замын бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй байхад нүүрс тээвэр эхэлсэн нь тухайн бүс нутгийн байгаль орчин, мал аж ахуй, зэрлэг амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлжээ. Говийн бүс нутаг нь хур тунадас багатай, хөрсний нөхөн сэргэх үйл явц удаан явагддаг эмзэг экосистемтэй. Ийм бүсэд хүнд даацын автомашины хөдөлгөөн нэмэгдэх нь хөрсний бүтцийг эвдэх, ургамлан бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй байна. Түүнчлэн автомашинууд нэг маршрутаар бус, олон салаа зам үүсгэн зорчих нь газрын хөрсний доройтлыг улам нэмэгдүүлдэг.

Үүнээс гадна тухайн чиглэл нь малчдын уламжлалт нүүдэл, бэлчээр ашиглалттай давхцах эрсдэлтэй. Малын бэлчээр доройтох, усны эх үүсвэрт хүрэх зам хязгаарлагдах зэрэг асуудал үүсвэл орон нутгийн иргэдийн амьжиргаанд ч нөлөөлөх байна. Мөн  монгол орны говийн бүсэд амьдардаг нэн ховор амьтан болох мазаалайн, цоохор ирвэс , хавтгай тэмээ гэх зэрэг амьтадын  идэш тэжээл хайх, шилжилт хөдөлгөөн хийх орчинд авто замын хөдөлгөөн хэрхэн нөлөөлөх нь чухал асуудал болжээ.  Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч байгаль орчинд учирч болзошгүй хохирлыг орхигдуулж болохгүйг салбарын төлөөлөлүүд онцолж байна.

Ийнхүү нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор барьж буй зам нь говийн байгаль, малчдын амьдрал, ховор амьтдын нүүдлийн замд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна. Нүүрс тээвэр нэг өдөр дуусаж болох ч сүйдсэн хөрс, доройтсон бэлчээр, тасалдсан зэрлэг амьтдын нүүдлийн замыг нөхөн сэргээхэд олон арван жил шаардагдана гэдгийг судлаач, мэргэжилтнүүд анхаарууллаа. Иймд уг асуудлыг улс төр, бодлогын түвшинд хэлэлцэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг дахин хийлгэх, тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй замын трассыг өөрчлөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.